Цэцийн гишүүнээр 65 настай хүн сонгогдож болно

2016-01-06 08:18:00

 

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэж буй. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилсан. Хуулийн төсөлд Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60-аар хязгаарлаж, мөн зургаан жилийн хугацаатайгаар томилохоор заасан юм. Ингэхдээ нэг удаа дахин улираан сонгож болохоор заасан байсан юм.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар цэцийн гишүүний насыг 65-аар тогтох горимын санал гаргажээ. Энэ талаар хууль санаачлагч Х.Тэмүүжин “Хоёр гишүүний гаргасан саналыг дэмжиж байна” гэлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

 

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд байр сууриа ийн илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

 

Улс төрөөс ангид байх зорилгоор Цэц, прокурорыг зургаан жилээр томилох хуулийн заалттай. Одоо хэлэлцэж буй хуулийг батлаад Цэцийн гишүүдийг Ганзоригоос бусдыг нь чөлөөлөх гэж байна. Энэ хууль батлагдлаа ч дараагийн хүмүүст хамаараад явж болно. Өмнө нь Ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг хугацаанаас нь өмнө явуулсан. АТГ-ын дарга нарыг ч мөн адил. Ингэж муу жишиг тогтоож болохгүй. Улс төрөөс ангид байх албан тушаалыг айдас хүйдэстэй болгож байна. Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгах хэрэгтэй. Үүн дээр ойлголцох хэрэгтэй. Цэцийн гишүүний насыг Хөдөлмөрийн хуультай холбож байгаа нь буруу. Цэц өөр субьект.

 

Х.Тэмүүжин:

 

 

Хууль тогтоох байгууллагын шийдвэрийг ганц гишүүн гаргадаггүй. Таны саналын дагуу хүйсийн ялгаагүйгээр цэцийн гишүүдийн насны хязгаарыг 65 болгох нь зүйтэй гэж үзэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах гэж байна. Нэг удаа улираан томилуулах зохицуулалт орж ирж байна.

 

О.Баасанхүү:

 

 

Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санал болгодог. Хууль санаачлахдаа насны асуудлаар эдгээр субьектаас санал авсан уу. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 66 настай хүнийг томилсон. Төрийн албаны хууль зөрчсөн шүү дээ. Цэцийн гишүүн яагаад 66-тай байж болдоггүй юм. Насны хязгаарыг төрийн жинхэнэ албан хаагчтай жиших ёстой юм бол Ардчилсан нам яагаад хууль зөрчсөн томилгоо хийгээд байгаа юм бэ. Үүнд хариулт өгөөч?

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

 

 

Засгийн газартай холбоотой томилгоонд Ерөнхий сайд хариулах ёстой.

 

Х.Тэмүүжин: Засгийн газар, Үндсэн хуулийн Цэцээс санал авсан. Анх гаргасан саналгүйгээр нь Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний асуудлыг анх гаргасан газар нь УИХ-д оруулж ирэхгүй л бол чөлөөлөх, огцруулах боломжгүй гэсэн үг.

 

Ж.Батзандан:

 

 

Тэтгэвэртээ гарсан улстөрчид Цэцэд очиж суудаг. Улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг. Үүнийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хэд, хэдэн дүгнэлтээр тогтоосон. Хуулиа боловсронгуй болгоод урагшлах нь зөв. Үндсэн хуулийн Цэц нь нэг талаас харахад шүүхийн, нөгөө талаас харахад зөвлөлийн шинжтэй. Цаашид шүүх тал руу нь оруулах ёстой.

 

Улсын Дээд Шүүхийн шүүгчийн тэтгэвэрт гарах нас 60 байсан. Харин төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байгаа. Үүнийг жишиг болгон 65-аар хязгаарлая гэсэн саналаар санал хураалгахад олонх нь дэмсэн. Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, бүлэг, эвсэл бүрээс төлөөлөл оруулж ажиллах ёстой гэж горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Төсөлд Цэцийн гишүүнийг нэг удаа улираан сонгохоор заасан учраас дээд тал нь 12 жилийн хугацаатай ажиллахаар болж буй юм.

 

С.Заяа


Нүүр хуудас