Арбитрын хуулийг чуулганаар хэлэлцүүлнэ

2016-01-05 16:58:00

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн 2013 оны статистик мэдээллээр Анхан шатны шүүхүүд 2012 онд нийт 27792 хэрэг маргаан шийдвэрлэснээс 11796 нь иргэний эрх зүйн маргаан байжээ. Нарийвчлан үзвэл, эдгээрээс 353 нь ажил гүйцэтгэх гэрээ, 2096 нь бараа худалдах, худалдан авах, 76 нь хамтарсан хөрөнгө оруулалт, 2293 нь хуулийн этгээд, иргэдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 1781 нь банк болон санхүүгийн бусад байгууллагатай холбоотой зээлийн гэрээнээс үүссэн маргаан аж.

 

Харин МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт сүүлийн гурван жилд нийт 106 маргаан хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал хангалтгүй байгаа гэнэ.

 

Мөн Монгол Улсын 80 орчим хуульд тухайн хуулиар зохицуулсан харилцаанаас үүссэн маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байгаа нь арбитраар шийдвэрлэгдэх хэрэг маргааны тоог бууруулж, хязгаарлахад нөлөөлж буй юм байна.

 

Тиймээс Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон загвар хуульд үндэслэн дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох бөгөөд тэр нь арбитрын бүрэлдэхүүнээс аль нэг талд үүрэг болгосон арга хэмжээ байхаар тусгасан аж.

 

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцогчдын олонх нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Eagle.mn


Нүүр хуудас