“Алтайн хүдэр” ХХК-ийг хуулийн хүрээнд ажиллахыг шаардав

2016-01-05 15:21:20

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын уурхайд “Алтайн Хүдэр” ХХК 2009 оноос хойш олборлолт хийж байгаа. Энэ хугацаанд тус компани Таяннуурын  уурхайгаас нийтдээ 49.42 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна.

 

Одоогоор тус уурхай олборлолтын ажлаа түр зогсоосон бөгөөд ажилчдынхаа цалинг олгоогүй гэх мэдээлэл байна. Тухайлбал, 2013 оноос хойш ажилчдын цалин нь цагтаа олгогдохгүй удаашрах болжээ. Тухайн үед ажилчид цалингаа хоёр гурван сарын дараа авч байсан гэх. Улмаар ажилчдаа 2015 оны зургаадугаар сараас хойш ямар ч цалингүй ажиллуулжээ.

 

Энэ талаар бид “Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуур дахь уурхайн тэсэлгээний оператор Г.Уугандоржоос дараах тодруулгыг авлаа.

 

Тэрээр хэлэхдээ “2015 оны хоёрдугаар сараас хойш цалин болон амралтын мөнгөө аваагүй байна. Манай цалин ихэнхдээ хоёроос гурван сарын дараа олгогддог байсан. Зарим үед цалинг хувааж өгөх болсон. Тиймээс аргагүйн эрхэнд өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад нэг жилийн хугацаа өнгөрч байхад байдал яг хэвэндээ л байна. Над шиг цалингаа авч чадахгүй байгаа олон ажилчид бий. Би амралтын мөнгө, цалин нийтээд нийтдээ 10 сая төгрөг авна” гэлээ.

 

Мөн түүний хэлснээр “Алтайн Хүдэр” ХХК ажилчдынхаа нийгмийн даатгалын дэвтэр дээр цалинг олгосноор тэмдэглэсэн хэдий ч бодит байдал дээр ямар ч олголт хийгдээгүй аж.

 

Говь-Алтай аймгийн Цээл сумын Таяннуурын уурхайд нийтдээ 1200 орчим хүн ажиллаж байжээ. Тэд энэ сарын 8-ны өдөр буюу баасан гарагт МҮЭ-тэй хамтран “Алтайн Хүдэр” ХХК шаардлага хүргүүлэхээр болсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт "Алтайн Хүдэр" ХХК-д үүсээд буй асуудлыг хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлтийг гаргажээ.

 

 

 Д.Сугармаа

 

 

 


Нүүр хуудас