А.Гансүх: Намайг энэ хэрэгт холбогдолгүй гэж 2013 онд үзсэн

2016-01-05 13:09:39

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг төмөр замын төслөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед салбарынх нь сайдаар ажиллаж байсан УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүхийг шалгаж байгаа гэх мэдэлээл гараад байгаа билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

 

-Хууль хяналтын байгууллагаас таныг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Миний хувьд төмөр замтай холбоотой асуудлыг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар би 2013 онд  өөрийн хүсэлтээр АТГ болон цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-нд АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан. Уг бичигт “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан юм. Тэгэхээр миний хувьд энэ хэрэгт хэдийнэ шалгуулсан гэж ойлгож болно.

 

-Тэгэхээр та холбоогүй гэсэн үг үү?

 

-Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед нэг иргэнээс гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байдаг. Тэр хүн мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад 2013 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гээд тогтоол гарч байсан. Үүн дээр тодорхой бичсэн “Энержи Ресурс рэйл” компани болон БНСУ-сын Самсунг Си энд Ти корпорацитай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. А.Гансүх албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдоогүй байна. Иймд иргэн Л.Даваапилээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж Нийслэлийн Прокуророос Хяналтын прокурор Хуульцаазын зөвлөх Уранчимэг гэдэг хүний гарын үсэгтэй тогтоол гарч шалгагдсан хэрэг юм. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоол гарсан байдаг. Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.

 

-Тухайлбал?

 

-Миний хувьд ажлаа хэвийн гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ сардаа найман хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх. Мөн найман хувийн зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна.

 

-Таны хил нэвтрэх эрхийг хориглосон уу?

 

-Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Мөн маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах гэж байна.

 

С.Заяа


Нүүр хуудас