Автобус дахин осол гаргаж, хүн гэмтээлээ

2016-01-05 12:26:25

 

Нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар осол гаргаж, зорчигдыг гэмтээх явдал гарсаар байна. Тухайлбал, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн "Daewoo BS-106" маркын автобусны жолооч өнөөдөр өглөө осол гаргаж, явган зорчигчийг гэмтээжээ.

 

Гэмтсэн явган зорчигч 22 настай, Өмнөговь аймгийн иргэн бөгөөд ГССҮТ-д хүргэгдсэн байна.

 

Мөн нийтийн тээврийн ослоос гадна шинэ жилийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар нэлээд осол гаргажээ. Ослын улмаас 30 хүн гэмтэж, нэг хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гудамж, “Зөгийн үүр” барилгын дэлгүүрийн хойд зам дээр 38 настай явган зорчигчийг нэгдүгээр сарын 1-ний өдрийн 07.38 цагт “Тоёота РАВ-4” маркийн машины жолооч  мөргөн амь насанд нь хүрсэн байна.

 

Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Жолооч Г хэргийн газраас зугтсан хэдий ч Замын цагдаагийн газарт өөрөө ирж хэргээ хүлээсэн. Энэ хэргийг холбогдох байгууллагад шалгаж байна” гэлээ.

 

Түүнчлэн баярын өдрүүдэд зам тээврийн осолд найман хүүхэд өртсөний зургаа нь сургуулийн өмнөх насны хүүхэд байжээ.

 

Д.Сугармаа  


Нүүр хуудас