Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 170 мянган өрх байна

2016-01-05 11:40:48

 

Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн онд Улаанбаатар хотод 27 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орно гэх мэдээлэл өгсөн. Одоогоор зах зээлд 32.6 мянган айлын орон сууц бэлэн байна. Ашиглалтад орсон мөртлөөө зарагдаагүй барилгын тоо 13.7 мянга байгаа бол баригдаж буй  орон сууцнаас 18.8 мянган байр бий аж.

 

Орон сууцны үнэ нийслэлд ам метр нь 2.2 сая төгрөг, хөдөө орон нутагт үүнээс хоёр дахин хямд байна. Харин Монголбанкны орон сууцны үнийн индексийн мэдээлэлд дурдсанаар шинэ орон сууцны ам метрын дундаж үнэ 2015 оны арваннэгдүгээр сарын эхээр хоёр сая төгрөг болж, жилийн өмнөхөөс даруй 3.8 хувиар буурчээ.

 

Эс Ай Си Эй /SICA/ байгууллагын судалгаагаар энэ онд 42.9 мянга иргэнд орон сууцтай болох хэрэгцээ байгаагийн 28.4 мянга нь бодит эрэлт байна. Гэхдээ ирэх жилүүдэд бодит эрэлт буюу худалдан авах чадвартай иргэдийн тоо огцом буурах хандлагатай байгаа гэнэ.

 

2016 онд орон сууцны эрэлт 20 хувийн өсөлттэй байх төлөвтэй ч худалдан авагчдын 90 хувь нь метр квадратын үнэ 1.5 сая төгрөгөөс доош бол худалдаж авах боломжтой гэжээ. Тодруулбал, орон сууцтай болохоор сонирхож буй хоёр хүн тутмын нэг нь зээлээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Улаанбаатар хотод орон сууц авах хэрэгцээтэй 204.6 мянган өрхийн 50 хувь нь 40-61 ам метр талбай бүхий байр сонирхож буй бол 83 хувь буюу 169.9 өрх нь орон сууцны зээлд хамрагдаж авах хүсэлтэй байна гэх судалгааг Монголын Барилгын Үндэсний Ассоциациас гаргажээ. 

 

Б.Баяржаргал


Нүүр хуудас