Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах хэрэгтэй

2016-01-05 10:47:35

УИХ хуульд заасан хугацаанд нь багтаан Сонгуулийн тухай хуулийг баталсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжсангүй. Ямартай ч баталсан цагаас нь хойш ганц ч удаа ашиглаж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж ашиглахаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хууль эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ард нийтийн дунд санал асуулга явуулах боломжтой болох юм. Энэ асуудлаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

 

 

-“Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулъя” гэсэн санал гарч байсан. Энэ санал юу болсон бэ. Намууд үүгээр зөвшилцсөн үү?


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хоёр арга зам байдаг. Нэгдүгээрт, парламентын бүрэн эрхийн хүрээнд шийдэж болдог. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бий. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг дээр тогтсон. Харин хэзээ явуулах вэ, цаг хугацааны хувьд хэдийд байвал оновчтой вэ гэдэг дээр тодорхой маргаан, мэтгэлцээн гарч байгаа. Миний хувь бол ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт, нэг өдөр явуулбал бодлогын болоод эдийн засаг, зохион байгуулалтын талаасаа ч зөв болно гэж харж байна. 

 

-Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар хуульчилсан. Дээр нь нэмээд Ард нийтийн санал асуулга явуулбал иргэд будилах, цаашлаад замбараагүй байдал үүсэх эрсдэл үүсэхгүй юү?

 

-Ард нийтээс асуух хэдхэн асуулт байгаа. Тэгээд тийм, үгүй гэсэн хоёрхон л хариулт бий. Манай иргэдийн боловсрол нэг үеэ бодвол хамаагүй өндөр болсон. Тэгэхээр дөрөв, таван асуулт нэмж бичсэнээр иргэдийн дунд үл ойлгох асуудал, будлиан үүснэ гэж бодохгүй байна. 


-Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг удааширч байгаа шалтгаан нь юу вэ?


-Тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Мөн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл, заалт байна. Дээрээс нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь өөрөө парламентын олонхийн зөвшилцлийг шаарддаг учраас бүх нам, эвсэл нэгдсэн тохиолдолд л биеллээ олдог. 


-Зайлшгүй өөрчлөх шаардлагатай ямар зүйл, заалтууд байгаа гэж?


-Тухайлбал, одоо хүчин төгөлдөр байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар бол хоёрхон асуудлаар иргэдээс асуухыг зөвшөөрсөн байгаа. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол дор хаяж 10-аас доошгүй асуудлаар ард түмнээсээ санал асуух ёстой. Хуулийн процедур, дээрээс нь зохион байгуулалтын асуудлууд зэрэг бүх талаас нь хуулиа боловсруулж, хэлэлцэж байж Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй.


-Н.Батбаяр гишүүний өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах шаардлагатай байгаа гэсэн үг үү?


-Н.Батбаяр гишүүний өргөн барьсан хуулийн төсөл жаахан учир дутагдалтай байгаа. Энэ хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Хэлэлцүүлгийн үеэр засч, сайжруулаад явах хэрэгтэй. Жишээлбэл, зөвхөн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийг Ард нийтийн санал асуулгад оролцуулахаар төсөлдөө тусгасан байгаа. Гишүүд бидний саналаар бол гадаадад амьдарч байгаа монголчуудыг ч гэсэн санал асуулгад оролцуулах ёстой. 


-Ард нийтийн саналыг хэрхэн тоолох вэ?


-Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд ард нийтийн санал асуулгыг гар аргаар тоолно гэж заасан байдаг. Үүнийг өөрчилж, шударга хяналтын дор автомат машинаар тоолох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг зөвхөн улсын хэмжээнд явуулдаг тогтолцоог өөрчилж орон нутагт бас тусад нь ард нийтийн санал асуулга явуулдаг боломж, бололцоог энэ хуулиар бүрдүүлж өгөх ёстой юм. 


-Ямар тохиолдолд ард нийтээс асуудаг юм бэ. Төлөөллийн ардчиллын систем муу ажиллаж байгаа үед гэж дүгнэж болох уу?


-Ард нийтийн санал асуулгыг үндэсний хэмжээний болон бүс нутгийн хэмжээний гэж ангилдаг. Иргэд маань төлөөллийн ардчиллын сул талыг нөхөхийн тулд шууд ардчиллыг бий болго гэж биднээс шаардаж байна. Төлөөллийн ардчилал мухардалд орсон цагт ард нийтийн санал асуулга буюу шууд ардчиллын элементүүд ардчиллыг авардаг. Тийм учраас шууд ардчиллын чиглэлд бид реформ хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.

 

Г.Балжинням

 

Эх сурвалж:


Нүүр хуудас