Шинэ онтой зэрэгцэж ажлаа өгсөн эрхмүүд

2016-01-05 10:38:55

 

Төрийн удирдах алба хашиж буй хүн сонгуульд өрсөлдөж болохгүй хуулийн заалттай учир шинэ онтой зэрэгцэн олон эрхмүүд ажлаа хүлээлгэн өгсөн. Тэдний нэг нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар юм. Тэднийг УИХ-аас томилдог учир өнгөрсөн сард чуулганы хуралдаанаар хэлэлцэж, ажлаас нь чөлөөлөв.

 

Б.Жавхлангийн хувьд ирэх сонгуульд МАН-ыг төлөөлөн Сүхбаатар аймагт нэр дэвшихээр зэхэж буй гэх. Түүнийг 2010 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилсон юм. Харин ҮСХ-ны С.Мэндсайханы хувьд АН-ын ҮЗХ-ны гишүүн. Намын дарга З.Энхболдын фракцын хүн гэгддэг бөгөөд ирэх сонгуульд нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд байсан бол энэ удаа “өнжихөөр” болжээ. Тэрээр шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлж буй Бүртгэл, статистикийн газрыг удирдахаар болсон байна.   

 

Харин Засгийн газрын хуралдаанаас зарим агентлагийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсанг,  Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг, дэд дарга А.Ариунболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан ч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

 

Тэрээр  “Миний бие Нийгмийн даатгалын даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагчийн нэр хүндтэй төрийн албыг хүлээлгэн өглөө. Бидэнтэй бүтээлчээр хамтран ажиллаж ирсэн бүх байгууллага, хүмүүст болон Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын нийт ажилтнууд, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

 

Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан “Ажлаа хүлээлгэн өглөө. Олон түмний төлөөх энэ байгууллагад богинохон хугацаанд ажиллахдаа ихийг хийж бүтээхийн төлөө ажилласан. Хууль зөрчих явдал бүх түвшинд газар авсан байна. Нэг талд аж ахуй эрхлэгчид иргэдийг хохироож байхад нөгөө талд албан тушаалтнууд тулгамдсан асуудлыг шийдэх нэрээр бизнесийн ажиллагаа ихээр хийдэг болжээ. Хууль бус мөнгө татах, төлбөр хураамж авах, хууран мэхлэх, төөрөгдүүлэх, төрийн нүүрийг барьж түрэмгийлэх явдал газар авсан байна. Энэ бүгдийг таслан зогсоохын төлөө тууштай тэмцлээ. Энэ хугацаанд надтай нэг баг болж ажилласан ШӨХТГ-ын нийт хамт олонд, надад урам зориг өгч, байнга хурцлан дэмждэг Шинэчлэлийн хорооныхоо хамт олонд, надад санаа өгч, зөвлөж, шүүмжилж, дэмжиж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Шударга, зөв өөрчлөлтийн төлөө та бүхэнтэйгээ хамт цаашдаа ч зүтгэх болно” гэсэн байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн ажлаа өгсөн. Сонгуулийн шинэ хууль арванхоёрдугаар сарын 25-нд батлагдаж, төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон. Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой юм. Үүнд их, дээд сургуулийн багш, эмнэлгүүдийн эмч нар багтаж буй. Харин улс төрийн албан хаагч буюу УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид ажлаа хийж байгаад сонгуульд өрсөлдөнө.

 

Дөрөвдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх эрхмүүд энэ мэтчлэн ар араасаа хөвөрнө. УИХ-ын, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар болсон учир дөрөвдүгээр сар гэхэд хэн гэгч эрхэм хаана өрсөлдөх гэж буй тов тодорно. Үүнээс өмнө сонгуульдаа бэлдэж, өөрийгөө олон нийтэд таниулах ажлыг хууль зөрчихгүйгээр хийж болох аж. Сошиалаар сурталчилгаа хийж ч болох бөгөөд үүнийг хуулиар зохицуулаагүй юм байна.

 

С.Аз


Нүүр хуудас