Эх, хүүхдийн эндэгдэл нь эмчийн буруутай үйлдлээс болсон гэв

2016-01-05 10:03:20

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржсан эх хүүхэд эндсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөг хүртэл эх хүүхэд юунаас болж эндэв гэдгийг тодорхой болгох шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа аж.

 

 

Талийгаач бүсгүйн аав хамгийн сүүлд тэрээр манай телевизэд ярилцлага өгөхдөө “Эмнэлгийнхний 100 хувь буруу. Үүнийг ямар ч газар нь өмөөрөөд байх хэрэггүй. 27 нас хүртлээ ямар ч эмнэлэгт хэвтэж үзээгүй, эрүүл саруул охин маань түргэний машин, таксигаар эмнэлэгт ирээгүй. Нөхөртэйгөө автобусанд сууж эмнэлэгт очоод 48 цагийн дараа өнгөрсөн” хэмээсэн юм.

 

 

НЭМГ-ын дарга Ш.Энхбат энэ хэргийн талаар “Энэ бол цэвэр тухайн эмчийн мэргэжлийн алдаа, хайнга байдлаас гарсан хэрэг. Үүнийг шууд байгууллагатай нь холбоод байх хэцүү. Хууль, хяналтын байгууллагад энэ хэрэг шилжсэн байгаа. Одоогоор эцсийн хариу гараагүй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас одоогоор эмчийн эмчлэх эрхийг цуцална. Тасгийн дарга зөвлөх эмч нарт хариуцлага тооцно гэсэн чиглэлтэй байгаа” гэв.

 

Энэ хэрэг гарсантай холбогдуулан ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна. Ингээд “Өргөө” амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болжээ.

 

Э.Наранцэцэг


Нүүр хуудас