Г.Шийлэгдамба салбараа удирдахад ямар ч саадгүй гэв

2016-01-05 09:47:59

 

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан билээ. Түүнийг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулан шалгаж байсан бөгөөд 60 хоногийн хугацаа дууссан тул оны өмнөхөн батлан даалтад гаргасан юм.

 

Г.Шийлэгдамбыг гадуур мөрдөн байцаахаар сулласан бөгөөд өнөөдрөөс эхлэн ажил эрхлэхэд хориг тавих хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэнэ.

 

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ "Хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг УИХ томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байна. 30 хоногийн хугацааг тоолж эхлээгүй байгаа” гэжээ.

 

Тэгэхээр Г.Шийлэгдамба сайдыг цагдан хоригдож байх хугацаанд Эрүүл мэнд, спортын сайдын албан үүргийг түр хариуцан гүйцэтгэж байсан Ц.Оюунбаатар өнөөдрөөс эхлээд дангаар Шадар сайдын ажлаа хийх аж. Харин Г.Шийлэгдамба өнөөдрөөс эхлэн ажлаа хийнэ гэвэл хуулийн ямар нэгэн хориг байхгүй гэнэ.

 

П.Жаргал

 

 


Нүүр хуудас