Голомт банк 2015 оны банкны салбарын оны онцлох энтрепренерээр шалгарлаа

2016-01-04 16:14:50

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг тодруулан өргөмжилдөг “ЭНТРЕПРЕНЕР-2015” ёслолын ажиллагаа 2015.12.29-ны өдөр 19 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

 

Эртний ромчуудын худалдааны бурхан хэмээн шүтэж ирсэн Меркури бурханыг бэлгэдсэн хүрэл цомыг хүртэхэд Голомт банкны 2015 онд хэрэгжүүлсэн ажлууд  томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Тус банк нь 2015 онд Үндэсний хуримтлалын хөтөлбөр, Цаасгүй банк аяныг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж, Кастодиан банкны үйлчилгээгээ эхлүүлэн, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих www.edu.golomtbank.com болон жижиг дунд бизнес эрхлэгчдээ чадавхжуулах www.sme.golomtbank.com сайтуудыг нээж, монголын анхны даатгагдсан Эрчим бондын андеррайтераар нь  ажиллаж, газрын тос, алт, зэсний ханштай  уялдсан Гибрид хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарган, Өөртөө үйлчлэх цахим буланг нэвтрүүлсэн зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан 600,000 гаруй харилцагчиддаа хүргэн ажиллажээ.

 

Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд 280 гаруй аж ахуйн нэгжид 96 тэрбум төгрөгийн зээлийг гадны болон дотоодын төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан санхүүжүүлсэн ба 125 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ОСЗ-ийг 2,054 айл өрхөд олгосон байна.

 

Голомт банкны 2015 онд хийж хэрэгжүүлсэн дээрх ажлыг дэлхийн банк санхүүгийн салбарын чансааг тодорхойлогч Global Finance сэтгүүлээс үнэлэн 2015 оны “Монгол Улсын Шилдэг Банк”, “Монгол Улсын Шилдэг Интернэт Банк”-аар өргөмжилсөн бол улсын хэмжээнд “Монгол Улсын Топ-100 Аж Ахуйн Нэгж”, Татварын Албаны Дээд шагнал болох “Хөх Дэвтэр”, “Тэргүүний Шимтгэл Төлөгч Аж Ахуйн Нэгж”, “Хамгийн Олон Даатгуулагчтай Ажил Олгогч”, “2016 оны тогтвортой санхүүжилтийн бодлогоор манлайлагч банк”-аар тус тус шалгарсан  байна.

 

Энэ бол эрхэм харилцагчдын минь Голомт банкинд үзүүлж ирсэн өндөр итгэлийн  илэрхийлэл тул  Голомт банкны 1800 гаруй хамт олны зүгээс халуун талархал илэрхийлэхийн ялдамд, бидний хамтын ажиллагаа улам бүр өөдлөн дэвжихийн ерөөлийг айлтгая.


Нүүр хуудас