Ч.Сайханбилэг: НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй

2016-01-04 15:29:11

 

Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгохыг Засгийн газар зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

 

 

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд 4 хонож байна. Уг хуульд иргэдэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлээд байгаа юм.

 

Шинэ оны эхний ажлын өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ урамшуулал иргэдэд хэрхэн хүрч байгаа мөн аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудалтай танилцах зорилгоор Замын цагдаагийн зүүн талд байрлах “Миний хайпермаркет” дэлгүүрт очин, худалдан авалт хийж, Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийж үзлээ. Миний гарт байгаа энэ баримт хуулийн дагуу татварын бодолт хийж дахин давтагдашгүй дугаар, төрөөс явуулж буй сугалаанд оролцох эрхийн бичигтэйгээ гарч ирлээ гэж тэрээр хэлээд Засгийн газраас уг хуулийн хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, ААН-үүдийн идэвх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4000 гаруй цэг буюу кассын машин Татварын ерөнхий газрын нэгдсэн системтэй холбогдон ажиллаж байна. Шинэ он гарсаар 170 орчим мянган НӨАТ-ын буцаан олголт, сугалаатай худалдан авалт хийгджээ. Энэ тоо цаашид өсөн нэмэгдэнэ. НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй, сугалааны нийт хонжворын сан нь хоёр тэрбум төгрөг байгаа гэдгийг Ерөнхий сайд  тэмдэглэлээ. Эхний сугалаа энэ сарын 17-нд орон даяар явагдана. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөг бөгөөд бусад олон хонжвор байгаа ажээ.

 

 “Миний дэлгүүр” сүлжээ болон бусад том дэлгүүрүүд Татварын ерөнхий газрын нэгдсэн системд холбогдож, бүх гүйлгээ хяналттай болж байна. Улсын хэмжээнд татварын 1800 гаруй байцаагч ажиллаж байгаа. Харин өнөөдрөөс иргэн бүр буюу гурван сая байцаагч ажиллана. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр иргэн бүр худалдаа, үйлчилгээний газруудад кассын машинтай бол, нэгдсэн системд холбогд зэрэг шаардлагыг тавьж эхэлнэ гэж Ерөнхий сайд хэлээд энэ хуулийн хэрэгжилтэд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцохыг уриаллаа. Ингэснээр Монгол Улсын татвар болон төсвийн орлого нэмэгдэх, макро эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, тэр тусмаа далд эдийн засгийг ил болгох чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцолж байлаа.

 

 

Худалдан авалт хийсэн иргэн баримтдаа www.ebarimt.mn хаягт бүртгүүлэх учиртай. Энэ бүртгэлийг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх, танилцуулах үүргийг Ерөнхий сайд өглөө.

“Нарантуул” зэрэг худалдааны төвд худалдаа эрхэлж буй хүмүүс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд юм. Ийм учраас энэ хүмүүсээс авсан бараа, үйлчилгээнд НӨАТ-ын хоёр хувийн урамшууллын буцаан олголт явагдахгүй ч сугалаанд оролцох боломжийг хангана. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авалт бүрт баримт гаргаж өгнө, буцаан олголт авна, сугалаанд оролцох учиртай гэдгийг  Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв тайлбарлалаа.

 

 

Худалдан авалт хийсэн баримтаа е-майл хаягаас гадна гар утас болон регистр, дансны дугаараар бүртгүүлэх боломжийг бий болгохоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгж ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   


Нүүр хуудас