Согтуугаар машин баривал 2 оноо хасна

2016-01-04 14:54:00

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоодугаар сарын 8-нд УИХ-аар баталсан. Шинэ хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

 

Энэ хуульд жолоочийн “Зөрчлийн 10 оноо”-ны тухай тусгаж өгсөн нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор уршгаас шалтгаалан оноо хасахаар тусгасан юм. Ингэснээр жолооч нар зөрчил гаргах нь багасаж, улмаар зам тээврийн осол багасгах боломжтой гэж үзэж байгаа.

 

Зөрчлийн оноог өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн тооцохоор тусгасан.

Гэвч өнөөдрийг хүртэл зөрчлийн оноог тооцох техник, тоног төхөөрөмжийг бэлэн болоогүй байгаа аж.  

 

Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилсан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн ахмад Л.Ундармаагаас тодрууллаа.

 

-Жолооч нарын “Зөрчлийн 10 оноо”-ны талаар товч мэдээлэл өгнө үү?

 

-Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын үнэмлэхэд “Зөрчлийн 10 оноо” автоматаар олгогдоно. Ингэснээр жолооч Замын цагдаагийн аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчих тохиолдолд тодорхой заасан хэмжээгээр оноог хасах юм. Мөн жолооны үнэмлэх дэх багцын 10 оноо нь дууссан тохиолдолд дахин сургалтанд хамрагдаж, шалгалт өгч үнэмлэхээ авах юм.

 

-“Зөрчлийн 10 оноо”-г өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, хасахаар тусгасан. Гэвч өдийг хүртэл бодитоор хэрэгжихгүй байна. Энэ талаар?

 

-Зөрчлийн оноог өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуулинд заасан байгаа. Тийм хэдий ч өдийг хүртэл оноог тооцох техник, тоног төхөөрөмж бэлэн болоогүй байна. Замын цагдаагийн газраас уг тоног төхөөрөмжийн эрхийн тендер зарлачихсан байгаа.

 

 

-Техник, тоног төхөөрөмж бэлэн болсноос хойш жолооч нарын “Зөрчлийн 10 оноо”-г тооцож эхэлнэ гэж ойлголоо?

 

-Хууль есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болохоор өнгөрсөн хугацаанд зөрчил гаргасан жолооч нарын оноог нөхөн хасна.  

 

-Зөрчлийн оноог ямар тохиолдолд хасах вэ?

 

-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид - 2 оноо;

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид - 1 оноо;

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид - 2 оноо;

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид - 1 оноо;

-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 2 оноо;

-Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 2 оноо;

-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид - 3 оноо;

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид - 2 оноо;

-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид - 1 оноо,

-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид - 1 оноо;

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдол - 2 оноо;

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид - 2 оноо;

-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид - 2 оноо;

-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид - 3 оноо;

-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид - 1 оноо;

-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид - 1 оноог хасах юм байна.

 

Д.Сугармаа


Нүүр хуудас