Засгийн газар хууль зөрчсөн шийдвэрээр шинэ оноо угтжээ

2016-01-04 11:24:28

 

Засгийн газар өнгөрсөн оны отгон хуралдаанаараа Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн томилгоо хийжээ. Юуны өмнө энэ онд болох УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр шийдэж, хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайлбал, О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ. Энэ бол хуулийн дагуу гаргасан шийдвэр.


Ийнхүү төрийн албанаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн дээрх албан тушаалтнууд бол бүгд төрийн захиргааны албан тушаалтнууд буюу төрийн жинхэнэ албан хаагчид юм. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн дагуу тэдний оронд томилогдох хүмүүсийг төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулах замаар тодруулдаг хуультай. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг чөлөөлмөгцөө, орны хүмүүсийг нь шууд томилсон нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна. 


Үүнд, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар Д.Болдыг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Д.Мөнхтөрийг тус тус томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогтыг, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилсон байна. Эдгээр томилгоог хууль бус болжээ гэж үзэх үндэслэл нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд хангалттай байгаа юм. 


Төрийн албаны тухай хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж бий. Тухайн албан тушаалд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр материалаа бүрдүүлэн ирүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулахдаа мэргэшлийн шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан буюу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагуудыг хамгийн илүү хангаж байгаа нэг хүнийг түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх тухай хуулийн заалт бий. Түүнчлэн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах зарыг 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх тухай заажээ. 


Эндээс харахад төрийн захиргааны албан тушаалд сул орон тоо гарсан даруй Засгийн газар Төрийн албаны зөвлөлд захиалга өгч тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах учиртай. Гэтэл Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоог гэрлийн хурдаар шийдэж, өмнөх даргыг нь чөлөөлмөгцөө орных нь хүнийг томилж орхижээ. Бусад томилгооны хувьд ч гэсэн сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд энэ талаар ямар нэгэн мэдээлэл огт байрлуулаагүй тул ингэж хэлж байгаа юм. Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Ганчимэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс АТГ-т шалгаж эхэлснээр уг албан тушаал эзгүйдээд байсан юм. Өмнөх хүнийг нь чөлөөлмөгцөө орных нь хүнийг томилсонтой харьцуулбал тус албан тушаал сар гаруйн дараа эзэнтэй болжээ. Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтгүйгээр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбааг томилсон байна. С.Ламбаа зөвлөхийн хувьд өмнө нь уг салбарынхаа сайдаар ажиллаж байсан, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Гэхдээ үүнд нь дулдуйдаад төрийн нарийн бичгийн албан тушаалд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, өөрөөр хэлбэл хууль зөрчин томилж болохгүй л байлтай. С.Ламбаа гуай сайн хүн юм чинь хууль зөрчиж болно гэж үзсэн хэрэг үү. Эсвэл Эрүүл мэнд, спортын салбарыг МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн дампуурууллаа. Тиймээс уг салбарын сайдыг АН-аас  томилох ёстой гэсэн ил захидлыг намынхаа удирдлагад хаяглан бичсэнийх нь хариуд түүнийг төрийн нарийн бичгийн дарга болгож “амыг нь таглав” уу.


Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Ю.Идэрцогтын хувьд өмнө нь “Монгол шуудан” компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм. Төрийн албаны туршлагатай нь туршлагатай. Гэхдээ энэ нь түүнийг хууль зөрчин өөр албан тушаалд томилох үндэслэл биш. Хэрвээ сайн хүн юм, туршлагатай хүн юм гээд шууд томилчихдог юм бол Төрийн албаны тухай хууль гэж байгаад яах билээ. Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байхын хэрэг ч юу билээ. 


Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томилогдсон Д.Болдын хувьд ч гэсэн мэргэжил, боловсрол, төрийн албанд ажилласан туршлагын хувьд чамлахааргүй нэгэн ажээ. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хэлтсийн даргын албыг хашиж байжээ. Мөн тусгай албанд олон жил зүтгэсэн, гадаадын улс оронд эх орноо төлөөлөн ажиллаж байсан туршлагатай удирдах ажилтан юм байна. Тэрээр сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчдөөсөө илүү оноо авч уг албан тушаалд очсон бол илүү гоё харагдах байлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон Д.Мөнхтөр МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьсгалт Үндэсний нэгдсэн оюутны холбооны тэргүүн ажээ. Тэгэхээр Д.Мөнхтөр даргын хувьд төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн намын гишүүн байж болохгүй, улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцож болохгүй гэдэг хуулийн заалтын дагуу МАХН-ын дэргэдэх оюутны холбооны тэргүүний ажлаа өгч таарах нь. Үүнээс үүдээд дээрх албан тушаалтнуудыг томилсон томилгоо хууль зөрчсөнөөс гадна тэд өөрсдөө цаашид хууль зөрчихгүй байж чадах уу гэдэг асуудал ч гарч байна. Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Ламбаагийн хувьд УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Энэхүү албан тушаал бол  төрийн улс төрийн албан тушаал учир намын гишүүн байж болно. Тиймээс С.Ламбаа зөвлөх АН-ын ҮЗХ-ны гишүүнээр Архангай аймгаас сонгогдон ажиллаж байсан юм. Одоо тэрээр төрийн жинхэнэ албанд очсон тул намаасаа татгалзах учиртай. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Ю.Идэрцогтын хувьд тэрээр АН-ын ҮЗХ-нд Төв аймгаас сонгогдсон. Хэрвээ зарим хэвлэлд бичиж байгаа шиг ҮЗХ-ны гишүүн хэвээрээ байгаа бол тэрээр энэхүү улс төрийн сонгуульт албан тушаалаасаа мөн татгалзах ёстой. 


Дээрх хоёр яамны төрийн нарийн бичгийн даргыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Засгийн газрын хуралдаанаар шууд томилсон атал Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаад байгаа ажээ. Өнөөдөр уг албан тушаалд өрсөлдөх иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд маргааш сонгон шалгаруулалт нь явагдах юм байна. Уг сонгон шалгаруулалтын зараас харахад тухайн албан  тушаалд өрсөлдөх хүн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар зэрэг ерөнхий шаардлагаас гадна тусгай шаардлагыг хангасан байх ёстой ажээ. 


Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх иргэд ийм хатуу чанд, нарийн шалгууруудыг хангасан байх ёстой бол харин Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга нарын хувьд дээрх шалгуурууд хийгээд холбогдох хууль, журмууд хамаагүй бололтой. Адилхан яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг өөр өөр нөхцөл, шалгуураар томилж, томилох гэж байгаа нь хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчмыг ч алдагдуулж байна гэж үзэж болох юм. Аливаа баяр ёслолыг далимдуулан хууль бус шийдвэр гаргадаг жишиг манай эрх баригчдад тогтсон. Үүнийг баталж Засгийн газар 2015 оны сүүлчийн хуралдаанаараа ийнхүү Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн томилгоонууд хийжээ.

 

Г.Сонинбаяр

 

Эх сурвалж:


Нүүр хуудас