Шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хуулиуд

2016-01-04 10:35:59

 

УИХ намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж буй. Үүнээс одоогоор 10 гаруй хууль батлагдаад байна. Уг хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй юм. Тиймээс зарим хуулиудыг танилцуулж байна.

 

Нийтийн сонсголын тухай хуульд ийм заалтууд оржээ

 

Нийтийн сонсголын тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны зургадугаар сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлснийг 2015 оны долдугаар сарын 8-нд УИХ баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломжийг уг хуулиар бүрдүүлжээ.

 

Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих. Түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулахаар заажээ. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна. Тухайлбал, хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулах аж.

 

Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ. Харин иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах боломжтой.

 

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор  УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулах аж. УИХ төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах эрхтэй.

 

Түүнчлэн Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.

 

Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна.

 

Худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах боломжтой

 

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долдугаар сард баталсан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй.

 

Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж үзжээ.Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.

 

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулжээ.

 

НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулах ёстой. арай. Гэхдээ үйлчилгээний төвүүдийн ихэнх нь хуучин кассын машинаараа үйлчилж байна. Энэ долоо хоногоос шинэ кассын машин ашиглаж, худалдан авалтын баримтыг шинэ загвараар хэвлэх аж. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлээд ирэх жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авч болох аж. Мөн сугалаанд оролцох боломжтой гэсэн.

 

Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.

 

Агентлагуудыг нэгтгэнэ

 

Энэ онд хэд, хэдэн агентлагийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэснээр Татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газартай нэгтгэж, Бүртгэл, статистикийн  ерөнхий газар болгох шийдвэр гаргасан.

 

Мөн Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжихээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм.

 

10 мянган багачууд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана

 

 

Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд буйгаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган багачууд бий гэх судалгааг холбогдох газраас гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар 15-30 мянган иргэн ажлын байртай болох аж. Энэ үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгохоор ирэх оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Энэ үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд  хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах. Нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.

 

Контентын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх ёстой

 

Соёлын тухай хууль хэрэгжинэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдаж буй. Харин Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдана.

 

Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд тусгажээ.

 

С.Аз


Нүүр хуудас