Жижиг намуудыг “жийх” хувилбар

2016-01-04 07:47:00

 

Сонгуулийн хууль арванхоёрдугаар сарын 25-нд батлагдсан. Уг хуулийг төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэж, нийтийн хүртээл болгоогүй байгаа учир мэдээлэл хомс байна гэж үзэх хүн олон. Тэр дундаа энэ хууль жижиг намуудад халгаатай зүйл заалтуудаар “баялаг” болсон хэмээн шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл, нам эвслүүд таван хувийн санал авсан ч парламентад суудал аваагүй бол УИХ-ын босго давж чадахгүй.

 

Энэ талаар уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн А.Бакей “Намын жагсаалтаар орж ирэх 28 хүн буюу хувь тэнцүүлсэн хэсэг дээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг таван бүс болгож хуваахаар ажлын хэсгийн төвшинд ярьж байсан ч дэмжигдээгүй. Тиймээс улс төрийн намууд сонгогчдын таван хувийн санал авсан ч можаратар хэсгээс ядаж нэг суудал авсан байх ёстой гэсэн нэмэлт шалгуур тавьж өгсөн. Үүнийг ажлын хэсэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх үед улс төрийн намуудын төлөвшилд чухал үүрэгтэй гэж үзсэн юм. Ийм зохицуулалт олон оронд байдаг юм билээ” гэв.

Том, жижиг гэлтгүй намууд төрийн эрх барихын төлөө өрсөлдөж байгаа учраас сонгуульд ялах магадлалтай хүнээ сонгох ёстой. Тэгж байж нэр дэвшигч сонгогдоно гэдгийг ч тэрээр тодотгосон.  

 

Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Сонгуулийн хууль жижиг намууд, бусад улс төрийн хүчнийг бүх боломжоор нь хаасан хууль болсон. Тухайлбал, улс төрийн намууд заавал 180 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Шинэ улс төрийн хүчнийг дахин бүртгэхгүй гэдэг хаалт явж байгаа. Мөн заавал тойргоос суудал авсан нам л пропорцианаль тойрог хуваах эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, можаратор тойргоос гараагүй нам пропорцианалиар өндөр санал авлаа ч тэр намд суудал хуваарилахгүй. Энэ жижиг намуудыг шахсан хувилбар” гэлээ.

 

Эмэгтэйчүүдийн квот 30 хувиас бага байж болохгүй гэж хуульчлаад буй. Бүх намд ийм шалгуур тавих юм. Өөрөөр хэлбэл, тухайн намаас нийт нэр дэвшигчдийнх нь 30 хувь эмэгтэй байх ёстой. Нэр дэвших эмэгтэй байхгүй бол тухайн намыг бүртгэхээс татгалзана.

 

Гишүүдийг эргүүлэн татаж чадах уу

 

Гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солих жишиг бий. Тэгвэл ирэх сонгуулиар парламентад сонгогдох эрхмүүдийг намаа сольж, урваж, шарвавал эргүүлж татах зохицуулалт оруулахаар ярьж эхэлжээ. Гэхдээ Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай болон Улс төрийн намын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байна.

 

Энэ талаар Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан А.Бакей гишүүн “Намаа сольсон тохиолдолд эргүүлэн татах заалт О.Баасанхүү нарын гишүүдийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан байсан. Үүнийг ажлын хэсэг, байнгын хорооны төвшинд яриад Сонгуулийн хуульд оруулах нь зохимжгүй гэж үзсэн л дээ. Хуулийн төсөлд тухайн нэр дэвшигч тойргоос нэр дэвшсэн байвал дахин сонгууль явуулахаар, жагсаалтаар орж ирсэн бол дараагийн хүнийг нь оруулахаар тусгасан байсан. Энэ нь намуудын төлөвшилд хэрэгтэй зүйл заалт. Тиймээс хоёр хуулиар зохицуулахаар ярьж байна” гэлээ.

 

Тэгвэл УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон бол дээрх хуульд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл, иргэний сонгох, сонгогдох эрхийн хүрээнд нэр дэвшиж сонгогдсон учраас эргүүлэн татах боломжгүй юм байна.

 

Сонгуулийн хуулийн голлох заалт бүрээр мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид  сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа, сошиалаар сурталчилгаа хийвэл яах вэ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар байдлаар оролцож болох талаар хуульд хэрхэн туссан талаар удахгүй хөндөх болно. 

 

С.Заяа

 

 


Нүүр хуудас