Урлаг соёлын одод шинэ оныг халуун ам бүлээрээ угтана

2015-12-31 22:47:25

 

Монголын урлаг, соёлын оддын төлөөлөл болсон дэлхийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Камертон” хамтлаг, “Sweetymotion” хамтлагийнхантай уулзан хамгийн дурсамж дүүрэн шинэ жилийн түүхээс нь хуваалцан ирж буй 2016 оныг хаана угтахаар төлөвлөөд байгааг нь тодрууллаа.

 

Г.Ариунбаатар: Төв аймагт байдаг аав, ээж дээрээ очиж шинэ оноо угтана

 

 

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Төв аймагт байдаг аав ээж дээрээ очиж шинэ оноо гаргана. Шинэ жилийг гэр бүлээрээ угтахаар хоёр хоногийн өмнө гаднаас эх орноо зорин ирлээ. Хүн бүрийн хувьд шинэ жилийн баяр яг л оргилуун дарс шиг бүх зүйл оргилсон сайхан байдаг болов уу. Сэтгэлээс гардаггүй олон сайхан шинэ жилийн баярууд байна. Хүүхэд байхад он солигдох торгон мөчид аав, ээжээсээ бэлэг авахаар догдлон байдаг байсан тэр л агшнууд хамгийн тод үлдсэн бол одоо энэ онд хийж бүтээж амжаагүй бүхнээ ирэх ондоо хийхээр төлөвлөх тэр мөчүүд хамгаас сайхан” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

 

Камертончууд хамтлаг, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд шинэ оноо угтана

 

 

“Камертон” хамтлагийнхан шинэ оныг хамтлагаараа гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. “Камертон” хамтлагийн дуучин Эбагийн хувьд хамгийн мартагдашгүй шинэ жил хамтлагаараа тоглолттой явж байгаад цахилгаан шатанд гаргаж байсан шинэ жилийн баяр байдаг бол дуучин Мээдээгийн хувьд хамтлагаараа такёинд гаргасан шинэ жил хамгийн дурсамж дүүрэн шинэ жил байсан гэнэ. Харин хамтлагийн ахлагч дуучин Д.болдын хувьд 1996 оны шинэ жил хамгийн дурсамж дүүрэн шинэ жил байжээ.

Sweetymotion” хамтлагийнхан гэр бүлээрээ шинэ оноо угтана

 

 

“Sweetymotion” хамтлагийнхан бүсгүйчүүдийн тухайд эх орондоо ирээд тэмдэглэсэн 2010 оны шинэ жил хамгийн мартагдашгүй шинэ жил байжээ. Тэд 2016 оны гэр бүл, халуун ам бүлээрээ угтацгаах нь ээ. Дуучин Э.Ганболорын тухайд 2010 онд эх орондоо эргэж ирээд гэрийнхэнтэйгээ тэмдэглэсэн шинэ жил хамгийн мартагдашгүй гоё шинэ жил байсан. Тэр үед дөнгөж эх орондоо ирээд тоглолт ихтэй байсан ч урьдынхаараа л амжаад гэртээ гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтаж байлаа. Гэр бүлээ маш их санасан байсан учраас гэр бүлийн үнэ цэнийг өндөр дээд хэмжээнд мэдэрсэн тийм л шинэ жил  байсан гэнэ. Харин Сарнайн хувьд “Америкт хамтлагаараа дөрвүүлээ байхдаа 31-нд тоглолттой байсан хэдий ч энэ шинэ жилээр бүгдээрээ баярласан шиг баярлая гээд тоглолтоо дуусгасны дараа шинэ оноо маш олон хүмүүстэй гаргаж байсан. Тэр үед мартагдашгүй дэндүү гоё баярласан. Тэр шинэ жил найзуудаараа инээж, хөхрөлдөн маш гоё тэмдэглэж байсан нь санаанаас гардаггүй ээ” хэмээн ярьсан бол Сүндэрээ “Ээж болоод гэр  бүлтэйгээ гэртээ тэмдэглэсэн шинэ жил хамгийн мартагдашгүй шинэ жил байсан.  Анх удаа гэртээ өвлийн өвгөн ав урихад охидууд маань үнэхээр гайхан баярлаж байсан тэр харц, сэтгэлээс ердөө ч гардаггүй. Тухайн үед өвлийн өвгөн олдохгүй манай гэр айлчлан ирсэн өвлийн өвгөн нь  “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо байсан /инээв/. Гэр бүлээрээ гаргасан тэр шинэ жил сэтгэлд  хамгийн тод байдаг” хэмээн дурсамжаа хөглөн ярьцгаасан юм.

 

Г.Даша

 

 

 

 


Нүүр хуудас