Санта Клаусын түүх Николас хүү мэндэлснээр эхэлжээ

2016-01-01 10:28:00

 

Шинэ жилийн хамгийн чухал зочин бол Өвлийн өвгөн. Монголчууд Өвлийн өвгөн аав гэж хэлж заншсан буурал өвөөгийн нийтлэг нэрийг “Санта Клаус” гэдэг. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, өмдтэй Санта Клаус буга тэрэг хөлөглөн ирж, бяцхан хүүхдүүдэд хүссэн бэлгийг нь өгч, тэднийг баярлуулдаг.

Санта өвлийн улиралд, шинэ жилийн үдэш л "алс холын хүйтэн орноос" айлчлан ирнэ.


Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог дөрөвдүгээр зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ.

 

Харин тэр үед Николас хүүг дэлхий дахинаа алдартай хүүхэд бүрийн хайртай Санта өвөө болно гэж хэн ч мэдээгүй гэдэг.

 

Николас Бизанти Анатоли буюу өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр жилийн нэгэн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст туслаж, цонхны нь завсарт мөнгө хийж үлдээдэг байсан аж. Гэхдээ ганц үүгээр зогсолгүй, сайхан сэтгэлийнхээ хүчээр бурхны хүчийг олж, үхсэн хүнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг.

 

Далайчид өнөөг хүртэл түүнийг хүндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн байна. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр үеийн нийгмийн шинэчлэлд өртөн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сүмийн хамбын хөргийг бүтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал төгссөн учир түүний үнэнч шавь нар гэгээн үйлийг нь үргэлжлүүлж, зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд "Кока Кола" компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон ажээ.

 

 Шинэ жилийн гацуур Германд анх үүссэн

 

 

Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мөнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. 


Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дүртэй тоглоом хамгийн түгээмэл өлгөдөг аж. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хүссэн бүхнийг нь бүтээнэ гэж итгэдгээс үүдэлтэй аж.


Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэг болгодог байжээ.

 

Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ. 


Гацуурын орчин үеийн түүх 16-р зуунаас эхэлдэг. Тэр үед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн.

 

Ингээд 17-р зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон байна. Шинэ жилийн баяраар ийнхүү мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

 

М.Болор


Нүүр хуудас