Шинэ жилийн баярыг дэлхийн улсууд хэрхэн тэмдэглэдэг вэ

2015-12-31 11:40:00

 

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байв. Мөн Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын нэгнийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байв. Харин МЭӨ 713 оноос цаг тооны хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, тэмдэглэх болсон байна.

 

Харин улс орнуудын хувьд өөр өөрийн уламжлал, онцлогийг харуулан шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг.

 

 Итали: Цонхоороо хуучин индүү сандлаа хаяж, шинэ оноо шинэ бүхнийг билэгдэн угтдаг

 

 

Италид шинэ жил нэгдүгээр сарын 6-ны өдөр эхэлдэг. Италичуудын дунд энэ шөнө сайхан сэтгэлт Бефана гэх шидэт дохиуртай дагина нисэн ирж, хүүхдүүд унтаж байгаа өрөөнд алтан түлхүүрээр нээн орж, ханын зууханд өлгөөтэй хүүхдийн оймсыг бэлгээр дүүргэдэг гэх домог бий. Харин тэр жилдээ муу сурч үймүүлсэн хүүхдэд Бефана чимх үнс, нүүрс үлдээдэг гэнэ. Италийн өвлийн өвгөн аавыг Баббо Натале гэдэг. Италид шинэ жилийг хуучин бүхнээс ангижирснаас эхэлдэг гэж ярьцгаадаг. Тиймээс шинэ жилийн шөнө цонхоороо хуучин бүхнээ хаядаг уламжлалтай гэнэ. Италичуудад энэ ёс заншил тун их таалагддаг тул тэд үүнийгээ маш бахдалтайгаар хийдэг гэнэ. Харин баярын ширээгээ самар, усан үзэм зэрэг эрүүл энх, урт удаан амьдралыг билэгддэг идээ ундаагаар бялхуулдаг ажээ. Түүнчлэн италичуудад шинэ жилээр хамгийн түрүүнд хэнтэй уулзах вэ гэдэг нь тун чухал. Хэрэв язгууртан юм уу санваартан хүнтэй тааралдвал тэдний хувьд маш таагүй зүйл гэнэ.

 

Англи: Бүтэн жил хамт байхыг билэгдэж хосууд үнсэлцдэг

 

 

Англид шинэ жилийн үдэш гудамжинд худалдаачид тоглоом, шүгэл, баг, бөмбөлөг зардаг. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал Англид анх тогтжээ. Анхны шинэ жилийн мэндчилгээний хуудсыг Лондон хотноо 1846 онд бичиж байсан байна. Унтахынхаа өмнө хүүхдүүд ширээн дээрээ Санта Клауст авчирсан бэлгээ хийх таваг бэлтгэж өгдөг байна. Харин гутландаа Санта Клаусын илжигийг хооллох өвс хийж үлдээдэг аж. Шинэ жил ирэхэд хонх дуугарна. Харин энэ үед хосууд ирэх жилдээ салахгүйн тулд модны мөчрийн доор үнсэлцэх ёстой аж. Цагийн зүү 00.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа нээгээд сүүлийн цохилтоор өмнөх хаалгаа нээж шинэ оноо оруулдаг уламжлалтай.

 

Ирланд: Гэр бүлийн гишүүн бүрт бялуу

 

 

Ирландад зул сарын баяр зүгээр ч нэг зугаацал биш шашны баяр юм. Ирландчууд Иосиф, Мария хоёрт тусалж гэрэл гаргахаар цонхныхоо дэргэд лаа асаадаг уламжлалтай. Ирланд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүн бүрт бялуу барьдаг.

 

Вьетнам: Тоор модны мөчир шинэ жилийн бэлэг болдог

 

 

Тоор модны мөчир бол шинэ жилийн бэлэг тэмдэг бөгөөд айл бүрт тавьдаг уламжлалтай. Хүүхдүүд шөнө дунд болохыг тэсэн ядан хүлээнэ. Вьетнамд шинэ жилийг манайхтай адил сарны тооллоор тэмдэглэдэг. Бүрэнхий болохоор тэд цэцэрлэг, гудамжинд гал асааж гэр бүлүүд олноороо нэг дор цуглардаг байна. Энэ шөнө бүх уйтгар гуниг маргааныг мартдаг. Тэд айл гэрт болгонд нэг бурхан амьдардаг гэж үздэг бөгөөд шинэ жил болоход тэдгээр бурхад тэнгэр өөд нисч гэр бүлийн гишүүдийн талаар ярьдаг гэнэ. Шинэ жилээр айлд хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг ирэх онд амжилт авчрах үгүйг тодорхойлдог гэж үздэг байна.

 

Энэтхэг: Шинэ оныг өглөө угтдаг

 

 

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг.

 

Хятад: Галын наадам

 

 

 

 Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад шинэ жилийг “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ.

 

 

 

Япон: Бүх сүмүүд 108 удаа хонх цохино

 

 

12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шинэ жилийн баярыг тэмдэглэдэг бөгөөд  хотын бүх ресторан баар, шөнийн клуб хүнээр дүүрч хот тэр чигээрээ салют буудуулж, дуулан бүжиглэнэ.

 

 

Үндэсний хоол Тошикоши Соба зооглож, Жуяа Но Канэ хэмээх дууг дуулна.  Энэхүү хоолыг урт удаан наслахыг бэлгэдэн урт хэлбэртэй хийж идэхийг эрхэмлэдэг байна. Бүх сүмүүд 108 удаа хонхоо цохиж шинэ оноо угтана.

 

 

Болгар: Бүх гэрлийг гурван минут унтраадаг

 

 

Шинэ жил болохын өмнө хүн бүр багц мод бэлтгэж, хүүхдүүд шинэ жилийн эхний өдрүүдэд төрөл садан, найз нараа гижигдэж баяр хүргэдэг.

 

Энэ нь шинэ он бол баяр баясгалангаар дүүрэн байг гэсэн бэлгэдэл юм. Мөн 12 дугаар сарын 31-ний шөнө бүх гэрлийг гурван минут унтрааж, хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсээ үнсэж баяр хүргэдэг.

 

Үүнийгээ тэд хамаг нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе гэцгээдэг аж. Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг <<Бидэнд аз жаргал авчирлаа>> гэж үздэг бөгөөд тэр найтаасан <<азтай>> хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.

 

 

Португал: 00.00 цагт 12 ширхэг усан үзэм иддэг

 

 

Ихэнх орны хүмүүс хоолоо амтат дарсаар даруулдаг бол португалчууд эхэлж дарсаа хүртсэний дараа давсалж хатаасан самхай загас, махан хоолыг ахиухан иддэг байна.

 

Хамгийн сонирхолтой нь португальчууд цагийн зүү 24-00 цагийг заангуут 12 ширхэг усан үзэм идэж идэх тоолонгоо хүслээ шивнэдэг байна.

 

 

Румын: Хайрсан хуушуурт хийсэн мөнгө

 

 

Шинэ жилд зориулан хайрсан хуушуурт мөнгө, бөгж, шаазангийн хэлтэрхий, чинжүү хийдэг.

 

Ингээд дуу хөгжим болон цэнгэж байхдаа хуушуураа иддэг.  Мөнгө, бөгж тааралдсан хүнийг их аз жаргалтай хүн гэж  үздэг ийм домогтой байжээ.

 

 

Финлянд: Зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгнө

 

 

Энд шинэ жилийн баяраар урт сахалтай, улаан дээлтэй өвгөн уут дүүрэн бэлэг үүрч ирээд хүүхдүүд ч улаан өнгийн дээл өмсөн өвлийн өвгөнийг дагалдан гүйлдэж хөгжүүн зугаа болдог байна.

 

Харин өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу?” гэж асууна.

Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ.

 

Тэд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалгыг өлмийгөөрөө мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

 

Франц:Хүүхдүүдийн хийсэн цасан хүн

 

 

12 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээрээ цуглараад хоорондоо бэлэг солилцон шөнө дундын үед мөргөл үйлдэцгээдэг. Шинэ жилийг угтаж хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг юм. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

 

Францчууд хүүхдэд өгөх бэлгээ хайрцганд хийж нэрийг нь бичээд сүлд модныхоо доор тавьдаг. Дээр үед ил галынхаа наана хэц татаж урт урт оймснууд өлгөөд дотор нь хүүхдүүдийнхээ бэлгийг хийдэг байжээ. Хүүхдүүддээ өвлийн өвгөн яндангаар цаа хөлөглөн шөнө орж ирээд бэлэг өгдөг гэж итгүүлдэг байжээ. Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг юм.

 

Шотланд:Торхон дотор шатаасан давирхай

 

 

Шотландад шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатаа гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц  айл бүрийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог нь манайд хэн ч зочилж болно гэсэн санаа юм.

 

Харин айлд орох хүн нэг жижигхэн нүүрс авч ороод галд нь нэмж <<Гал нь мөнх бадраг>> гэж ерөөдөг ёстой аж.

 

Шинэ жилийн өглөө хамгийн түрүүнд хар үстэй хүн орж  ирснээр аз жаргал гэрт орлоо хэмээн үздэг. Тэр хүнийг ихэд хүндэтгэдэг байна. Түүнийг <<Нэг дэх буюу анхдагч хөл>> гэж нэрлэдэг заншилтай. Харин шинэ жилийн эхний өдөр хараас  өөр өнгийн үстэй хүн айлд  зочилдоггүй байна.

 

 

Норвеги:Бүтэн өдрийн залбирал

 

 

Норвегичууд шинэ жилийн баярыг 12 дугаар сарын 2-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тэд бараг бүтэн өдөржингөө бурхандаа залбиран ирэх жил аз жаргалтай сайн сайхан байлгаж өгөөч хэмээн залбирал үйлддэг байна. Мөн шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг ажээ.

 


Австрали:1000 гэр бүлийн дайллага

 

 

Австралид яг зуны дунд сарын ид халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 1000 гэр бүл амтат хоол хүнс бэлтгэн наран шарлагын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай юм.

 

Мөн шинэ жилийн баяраар австрали хүн бүхэн тус орны бэлгэ тэмдэг болсон бяцхан улаан цэцгийг үсэндээ хатган биедээ зүүж гоёдог ажээ.
 

 

Мексик:Бусдад бэлэглэх задгай зоосон мөнгө

 

 

Анх 1828 онд Америкийн ерөнхий сайд шинэ жилийн баяраар Мехиго хотод айлчилснаас хойш шинэ жилийг тэмдэглэдэг болжээ. Мексикчууд уг баяраар бие биендээ задгай зоосон мөнгө бэлэглэдэг бөгөөд хүүхдүүд нь энэ баяраар заавал төгөлдөр хуур тоглодог заншилтай.

 

Швед:Аз жаргалыг бэлгэдсэн 8 ширхэг лаа

 

 

12 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр тус улсын хамгийн хүндэт хүн 19 дүгээр зууны их нигүүлсэгч Гэгээн Люси хэмээх ламтны дурсгалыг хүндэтгэдэг ажээ. Энэ өдөр айл бүр өглөө эртлэн босож, Гэгээн Люсигийн гүүрэн дээр гаран 8 ширхэг лаа асаадаг бөгөөд лаа нь хэдий удаан асах тусам ирэх жилдээ тэр лааг асаасан хүн төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг.

 


Судан:Бүх нийтийн бүжиг наадам

 

 

Шинэ жилийн өдөр нийтийг хамарсан бүжгийн наадам хийдэг юм. Энэ улсын олон үндэстэн ястан өөр өөрийнхөө бүжгийг хийдэг. Бүжгийн наадамд насанд хүрэгчид хүүхдийн дуу дуулж, өндөр настнуудыг олны өмнө гарган бүжиг хийдэг байна.



Бирм:Норох тусам баярладаг

 

 

Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүйцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.

 


Өмнөд африк: Эцэтлээ бүжиж баярладаг

 

 

Тус улсын зарим ард түмэн шинэ жилийг ургацын баяртай хамтруулан тэмдэглэдэг аж. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр сууцгаана. Омгийн ахлагчийг уламжлалт бүжгээ хийж дуусгаад гартаа барьсан хулуугаа хага шидэхэд бүгдээрээ босч бүжиглэдэг. Эндхийн хүмүүс бүжиглэх их дуртай. Шинэ жилээр тэд  эцэтлээ бүжиглэдэг байна.

 

П.Жаргал

 

 

 


Нүүр хуудас