МАН-ын хожимдсон “сюрприз”

2015-12-31 09:06:15

 

МАН засгийн газарт хандсан “бэлэг”-ээ задалж, Төрийн ордонд шинэ жилийн сүлд модоо заслаа. Сүлд модыг Засгийн сайдуудад хандсан ёгт үгээр чимсэн байна. Тэд нэг жилийн өмнө өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харуулсан яг ийм гацуур засаж байсан юм. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үүнийг “Ард түмний захиасыг Засгийн газарт бэлэглэлээ” хэмээн тодотгосон байна. 

 

 

МАН-ын мэндчилгээг сийрүүлбэл: 

 

 

Мэдээж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газрын хийсэн ажилд алдсан, оносон зүйл олон бий. Гэхдээ оносон нь илүү байгаа болов уу. Аймгийн төвүүдийг автозамтай холбосон, иргэдээ орон сууцжуулсан, цалинг нэмэгдүүлсэн, инфляцийг бууруулсан, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн гэх зэргээр дурьдаж болно. Харин МАН-ынхан зөвхөн өнгөрсөн хэдэн жилийн хугацаан дахь сөрөг зүйлүүдийг “шүүмжилжээ”. Сөрөг хүчин учраас зөвхөн шүүмжилдэг байж болохгүй. Нэгэнт мэндчилгээ дэвшүүлж байгаа юм бол алдаа, оноог эн тэнцүү бичиж болно шүү дээ. Тэгж байж, эцсийн дүгнэлтийг ард түмэн өөрсдөө хийх учиртай.

 

 

Нөгөөтэйгүүр МАН-ын энэ удаагийн алхам эрх барьж сурсан том намын хувьд дэндүү “өчүүхэн”, “жул” байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Шинэ жил бол монголчуудын хүсэн хүлээдэг, гэгээлэг баяруудын нэг. Гэтэл шинэ жилээр нэгнийгээ муулсан, хэт улстөржсөн ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд цахим ертөнцийнхөн дургүйцлээ илэрхийлсэн.

 

Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд МАН-ынхан Засгийн газрын үйл ажиллагаанд сайн хяналт тавьж, шахалт хийж ажиллах боломж байсан. Тэр бүх боломжоо үндсэндээ ашиглаагүй, зөвхөн огцруулах, солих асуудал тавьсаар ирсэн билээ. Тийм учраас өнөөгийн улс орны хямралтай, хүндрэлтэй байдлын хариуцлагаас МАН-ынхан ч бас бултах аргагүй юм.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас