Г.Уянга: “Шударга ёс” эвслээсээ гарч болно

2015-12-30 15:10:00

 

Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байсан Ш.Чулуунбаатарт банк санхүүгийн байгууллагын нууц задруулсан гэх зүйл ангиар зургаан сар хорих ял оноох болжээ. Түүнийг УИХ-ын гишүүн Г.Уянгад мэдээлэл дамжуулсан гэж үзсэн байна. Энэ талаар Г.Уянга мэдээлэл өгсөн юм.

 

Тэрээр “Би Ш.Чулуунбаатараас мэдээлэл авч цацаагүй. Үүнийгээ би зохих газарт нь хэлнэ. Монголбанкныхан буцалтгүй тусламж хэлбэрээр 45-180 хүртэл сая төгрөгийг хүмүүстээ өгсөн байсан. Нийт дүнгээрээ 3.7 тэрбум төгрөг болж байгаа. Хүмүүсийнх нь хэлж буйгаар өмнө нь орон сууц авч байсан хүмүүст ч буцалтгүй тусламж олгогдсон байдаг. Тиймээс энэ асуудлыг шалгах ёстой гэж би үзсэн. Өнөөдөр Ш.Чулуунбаатарын ээж нь утсаар ярилаа. Зургаан сар хорих ял төлөвлөн прокурор руу явуулсан байна. Би өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан, энэ хэргийг тус газар шалгах хэрэг мөн үү. Мөн үнэн мөнийг олж тогтооно гэж найдаж байна” гэлээ.

 

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

 

-Та Монголбанктай холбоотой мэдээллийг ямар эх сурвалжаас авсанаа тодотгохгүй юу. Таны цацсан мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах уу?

 

-Монголбанкны хуулийг үзэхэд тэрбумаар нь бэлэн мөнгө тараах зохицуулалт харагдаагүй. Зохих газар нь авлигатай холбоотой асуудал мөн үү, биш үү гэдгийг шалгаж тогтоох байх. Энэ асуудал нэг залуугийн амьдралыг хохирооход хүрээд байгаа бол байнгын хороонд асуудал тавьж шалгуулах боломжтой.

-Ээжтэй нь та уулзсан гэж байсан?

 

-Ээж нь хоёр сарын өмнө уулзах хүсэлт тавьсан. Хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж яваа төрийн албан хаагч. Хүүгээ боловсролтой болгоё гэж зорьсон, түүндээ хүрсэн ээж. Уулзаад надад хэлсэн “Таны гаргасан мэдээлэл бид хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүллээ” гэсэн. Тэгэхдээ ухамсартай хүмүүс намайг шууд буруутгахгүй байгаа. Прокурор, шүүх, хууль хяналтын байгууллагад хандаад миний хүүг буруугүй гэдгийг нотолж өгөөч гэсэн.

 

-Таныг бүлгээсээ гарах гэж байгаа гэх яриа байна. Энэ үнэн үү?

 

-Сонгуулийн хууль батлагдлаа, улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх. Тэр нь ямар вэ гэдгийг тухайн үедээ зарлана. “Шударга ёс” эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж явж болно. Ямарч байсан миний шийдэл юу вэ гэвэл монголчууд 25 жил АН, МАН-ыг ээлжилж сонголоо. Монголын нийгмийн амьдрал дүр зураг, ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсэж байна. Өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой. Түүнийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг олон хувилбарууд байж болох байх. Шийдэл гаргах бол бүгдээрээ дахиад уулзах байх.

 

-Та ХҮН намд элсэх үү?

 

-Би бараг үгүй л болов уу. ХҮН бол Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар ХҮН байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас би их гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.

 

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт одоогоор хэчнээн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

 

-Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зуръя гэсэн хэнд ч нээлттэй, 16 гишүүнгарын үсэг зурсан. Буруу алдаатай шийдвэр гаргасан бол нэг хоногийн өмнө ч болов огцруулах ёстой гэж бодож байна.

С.Аз


Нүүр хуудас