“Харшийн шинэ жил”-ийн ”гайхалтай” зочид

2015-12-30 14:32:44

 

Шинэ жилийн баярын цэнгүүн дундаас “Харшийн шинэ жил” гэдэг энэхүү үгс хэн хүний санаанд хамгийн тансаг гоёмсог шинэ жилийг бодогдуулдаг болов уу. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Шангрилла зочид буудалд Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд тэргүүтэй залуус санаачлан “Харшийн шинэ жил”-ийг орчин цагт утгаар нь зохион байгуулж, олны танил эрхмүүдийг нэг дор цуглуулжээ.

Хүүхэд бүрийн хүсэн тэмүүлдэг байсан “Харшийн шинэ жил” анх удаа залуусын хүрээнд улаан оймсоор урилгаа түгээн ийнхүү олны танил урлаг соёл, улс төр, спортынхныг нэг дор урьсан байна. Харшийн шинэ жил- Red line-ийн онцлох тэмдэг бол улаан оймс байсан учраас энэ үдэш улаан оймсоор гоёсон эрхмүүд олон байсан юм. Залуусын энгэрт улаан зангиа тодорч, бүсгүйчүүд уруул гал улаанаар “асна”.

 

 

“Харшийн шинэ жил”-ийн зочид дунд мөнхийн залуу топ модель Э.Одгэрэл хамгийн дэгжин бүсгүй байсан бол энэ үдшийн хунтайжид өрсөлдөх залуус олон байлаа. Сагсчин Санчир, “Камертон” хамтлагийнхан, залуу лидерүүд, загвар өмсөгчид, УИХ-ын гишүүн гээд олны танил эрхмүүд өмссөн гоёлоороо өөр хоорондоо өрсөлдлөө.

 

Гэхдээ энд нэг болзолтойгоор зочид дотогш нэвтэрч байсан шүү. Тэд урилга явуулсан улаан оймсондоо бэлгээ зэхсээр ирцгээжээ.

 

 

Бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёл болсон ганган, гоёмсог, тансаг, торгон даашинзыг эндээс л харж болох нь ээ. Дуучин Д.Болдын гэргий Бямбажав уруул, зүрхэн чимэглэлтэй даашинзаар гангарсан бол Эбагийн гэргий Бямбасүрэн номин өнгийн урт даашинзаар гоёжээ.

 

 

Харшийн шинэ жилийн цэнгүүнийг жүжигчин Анхбаяр хөтөлж, “Камертон” хамтлаг, реппер Рокит Бэй, “Никитон” тайзнаа дуулан залуус хөгжилтэй тоглоом тоглон,  цагийн зүү гэрлийн хурдаар урссан өнгөрсөн аж. Мөн авьяас чадвараараа харанхуй шөнө brightness нь тултал ихэссэн утсанд гялбуулах мэт гэрэлтэж гялалзаж яваа  загвар зохион бүтээгчид болох “Michel&Amazonka” хоёрын загварын шоу ирсэн олныг баясгасан.

 

 

Ингээд Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын фэйсбүүк хуудаснаа оруулсан гэрэл зургийн цомгоос “Харшийн шинэ жил”-ийн уур амьсгал, ирсэн зочдын гоёлыг хамтдаа тольдоё.  

 

Цаашид их хотын залуус өөрсдийн гэсэн шинэ жилтэй болж, жил бүр түүндээ оролцохын тулд догдлон хүлээдэг болох нь ээ.

 

Г.Даша

 

 

 

 

  


Нүүр хуудас