ХасБанк 2015 онд Нийгмийн хариуцлагаар тэргүүллээ

2015-12-30 10:49:21

 

МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулж, тухайн жилийнхээ онцлох, шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан нэрлэдэг “Энтрепренер – 2015” арга хэмжээ 2015 оны 12-р дугаар сарын 29-ний өдөр Шангрила зочид буудалд боллоо.

 

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг шалгаруулалтаас ХасБанк 2015 оны  “Компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч энтрэпренер”-оор шалгарч, “Хүрэл Меркури” цом хүртлээ.

 

ХасБанкны хувьд 2015 он өмнөх жилүүдийн амжилтаа бататгахын зэрэгцээ, түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ шатанд гарч, бүтээгдэхүүн төвтэй үйлчилгээнээс харилцагч төвтэй үйлчилгээ рүү шилжиж, бодлого зорилтоо шинэчилсэн жил байлаа.

 

Тухайлбал, харилцагчдынхаа өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагатай уялдуулж үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг сайжруулах, мөн дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхах зорилгоор Брэндийн цогц шинэчлэл хийсэн нь Монгол Улсын банк санхүүгийн салбар төдийгүй үйлчилгээний салбарын хөгжилд цоо шинэ хуудас нээсэн явдал боллоо. Мөн өөрийн бие даасан картын процессингийн төвтэй болсон төдийгүй Үндэсний Цахим Гүйлгээний төвтэй шууд холбогдлоо. Ингэснээр төгрөг, ам.доллар, юанийн гурван валютаар дэлхийн хаана ч, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой үндэсний брэнд ₮, Union Pay хосолсон картыг Монголд анх удаа гаргалаа.

 

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд бид “Хастөгөл” мод тарих аян, байгаль орчноо цэвэрлэх, хүүхэд залуучуудад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, багийн спорт, урлаг уран сайхныг дэмжих зэрэг жил бүр тогтвортой хийсээр ирсэн ажлуудаасаа гадна, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн Манлайлагч байгууллагаар ажилласан онцлог жил байлаа. ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийсэн бидний ажил, гаргасан санал санаачлага, амжилтыг үнэлэн Монголын банкны холбооноос ТоС-ийн хөтөлбөрийн Шилдэг банкаар өргөмжилсөн билээ. Мөн бид Планет Рэйтинг олон улсын үнэлгээний байгууллагаар үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд үнэлгээ хийлгэсний үр дүнд дэлхий даяар хүлээн зөвшөөрч, даган мөрддөг Харилцагчийг Хамгаалах Ухаалаг Хөдөлгөөнд нэгдсэн Монгол улсын анхны байгууллага хэмээн үнэлэгдэж, батламж авлаа.

 

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

 

Амьдралд – Ашид хамтдаа.


Нүүр хуудас