Сонгуулийн санхүүжилт: Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ 5-15 сая төгрөг

2015-12-30 07:40:00

 

Сонгуульд нэр дэвшигчдийн бэл бэнчингээс хамаараад сурталчилгаа харилцан адилгүй явагддаг байсан. Нэг хэсэг нь хувийн бизнестэй бол нөгөө талд төрийн албанд ажиллаж байгаад нэр дэвшиж буй ч хүн байдаг. Үүнээс болж сонгуулийн үеэр ил, далд хэлбэрээр мөнгө цацаж сонгогчдын саналыг худалдаж авах тохиолдол мэр сэр гарсаар ирсэн.

 

Тэгвэл шинээр батлагдсан Сонгуулийн хуулиар үүнийг хазаарлаж өгөх зарим зүйл заалт тусгаж өгчээ. Тухайлбал, арилжааны телевизээр нэг өдөрт явуулах сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх ёстой гэж заагаад буй юм. Ажлын хэсэг сонгуулийг аль болох хамгийн бага зардлаар яаж явуулах вэ гэдгийг судалсан байна. Улс төрийн нам бөгөөд тухайн нэр дэвшигчид сонгуульд бага зардлаар оролцохыг чухалчлах хэрэгтэйг ч ярилцсан гэх.

 

2012 оны сонгуулийн үеэр бүх нам, эвсэл нийт 37 тэрбум төгрөг зарцуулсан гэх судалгаа бий. Үүнээс Ардчилсан нам 15-16 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Гэсэн ч сонгуулийн санхүүжилтийг ил тод бүрэн мэдүүлэхгүй байгаа учраас үүний цаана далд хэлбэрийн мөнгө эргэлдэж байсан гэж үздэг аж. Тиймээс улс төрийн нам, нэр дэвшигч сонгуульд оролцохын тулд санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг хуульд тодорхой тусгах ёстой байсан.

 

Энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахлагч А.Бакей “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлд ихээхэн анхаарсан. Мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн” гэлээ.

 

Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая төгрөг байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна. Сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар тусгасан нь өмнөх хуулиас давуу талтай болсон аж.  

 

Маргааныг даамжруулахгүй

 

Сонгууль бүрийн дараа ямар нэг байдлаар маргаан гарч 2-3 жил үргэлжилдэг жишиг тогтоод буй. Энэ удаагийн парламентаас жишээ татахад, АН-ын одоогийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар нарын маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж, Д.Сумъяабазарын ялалтаар өндөрлөсөн.

 

Тиймээс шинэ хуульд сонгуулийн маргааныг хамгийн дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ. Түүнчлэн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх үед техник хэрэгсэл ашиглан тооллогын явцыг дэлгэцэээр харуулж баримтжуулах аж. Мөн нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулж ил тод явуулахаар хуульд заасан байна.

С.Заяа


Нүүр хуудас