Бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулна

2015-12-29 12:00:00

 

Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөхөөр шинээр батлагдсан Сонгуулийн хуульд заажээ.

 

Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой аж. Үүнд их, дээд сургуулийн багш, эмч нар багтаж буй юм.

 

УИХ-ын гишүүн А.Бакей "Өмнөх хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болгосон. УИХ өмнөх сонгуулиас авсан сургамж, алдаандаа үндэслэн сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа боловсронгуй болгосоор ирсэн. Энэ удаад УИХ-д суудалтай намууд болон нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлийн үндсэн дээр шинэ оны босгон дээр Сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэж баталсан" гэлээ.

 

Сонгуулийн тухай хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт орсны нэг нь УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар шийдвэрлэсэн явдал. Энэ нь зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой гэж гишүүд үзжээ.  

 

Өмнөх хуулиар тусад нь зохицуулсан байсан УИХ-ын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар боллоо.

 

Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог асуудлыг намуудын зөвшилцлийн үр дүнд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийхээр зохицуулж өгсөн.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ажлын хэсгийн хүрээнд хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуульд нэр дэвшигчдийг бүсчилсэн байдлаар нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байсан ч улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан тул зөвшилцөл хийснээр өмнө нь байсан 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээсэн. Гэхдээ энэ удаад гарсан дэвшил нь сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тарааж өгөх юм" хэмээн тодотгосон.

 

Харин Р.Бурмаа гишүүн "Сонгуульд саналаа өгөхөөс бусад бүх үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага болон тойрог, хэсгийн хороодын үйл ажиллагаа, улс төрийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн зарцуулалт, тайлагналт сонгогчдод ил тод байхаар зохицуулсан” гэлээ.

С.Заяа


Нүүр хуудас