С.Бямбацогт: Хүний нэр харж байж, намаа дугуйлах боломж сонгогчдод үүсч байгаа

2015-12-28 14:40:00

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Сонгуулийн хуулийн талаар сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

 

-Сонгуулийн хуулийг Гацууртын ордоор наймаалцсан гэх хардлага байна. Танай бүлэг Гацуурт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Ингэж хардах хэрэггүй. Сонгуулийн хууль гурван жилийн өмнөөс эхлээд яригдсан хуулийн төсөл. Гацууртын ордыг  эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр манай бүлэг нэгдсэн. Гэхдээ орчин тойронд нь байгаа булш бунхны асуудалд хянамгай хандах ёстой. Оны өмнө хэлэлцэх эсэхийг нь л шийдсэн. Он гаргаад Гацуурт хэлэлцэгдэх учраас манай намаас асуудалд нухацтай хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

 

- Жагсаалтаар  улстөрийн нам сонгодог  хэлбэр хуучнаараа батлагдсан. Энэ заалт дээр сонгогчид мэдээлэл өгөх ямар нэгэн шинэ заалт нэмж тусгагдсан уу?

 

-Саналын хуудастай хамт  тухайн намын жагсаалтаар  парламентад суух хүний нэр бүхий мэдээллийн хуудас сонгогчдод очно. Ингэснээр хүний нэр харж байж, намаа дугуйлах боломж сонгогчдод үүсч байгаа. Гэхдээ манай нам анхнаасаа хүн дугуйлах үзэл дээр хатуу байр суурьтай байсан. Хэлэлцүүлгийн явцад бидний санал дээрх байдлаар тусгалаа олсон.

 

-Сурталчилгааны хоногийг 18 гээд заачихаар шинэ хүмүүс  өөрсдийгөө бүрэн таниулах боломж хангалттай үүсэхгүй гэх шүүмжлэл байна лээ?

 

-Сурталчилгааны 18 хоног бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр  зорилтот сурталчилгаа нэвтрэх хугацаа юм. Орон нутгаар иргэдтэй уулзалт хийх бусад байдлаар өөрийгөө таниулах боломжийг сонгуулийн хуулиар хязгаарлаагүй. Түүнээс гадна сошиал  болон гудамжны самбарын сурталчилгааг сонгууль болохоос 24 цагийн өмнө буулгадаг байсныг энэ удаа хасуулсан.

 

-Тойргоос сонгогдсон гишүүнгүй бол жагсаалтаар гарч ирэх боломжгүй гэсэн заалт хуулинд орсон. Энэ нь жижиг намуудыг шахах бодлого юм биш үү?

 

-Энэ заалт дээр бид эсрэг байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ олон улсад тийм жишигтэй юм билээ. Заавал олон түмэнд танигдсан өөрийн гэсэн орон зайтай хүн дагаж, жагсаалт явах учиртай гэсэн ерөнхий зарчим олон улсын сонгуулийн хуулинд тусгагддаг юм байна. Тэр жишгийн дагуу дээрх заалт орсон байгаа.

 

-Парламентад суудалгүй улстөрийн намууд танай намтай нэгдсэн Сонгуулийн хуулиар байр сууриа илэрхийлж байсан. Тэдний хүсэж байсан заалтууд сонгуулийн хуулинд тусгагдаж чадсан уу?

 

-Манай нам хар машиныг санал тооллогыг гар аргаар  дахин тоолох асуудлаар бусад улс төрийн намуудтай санал нэгдэж байсан. Бидний санаачилга хуулинд 50 хувийн биелэлттэй сууж өгсөн учраас хамтын ажиллагаа үр дүнтэй болсон гэж харж байгаа.

С.Аз


Нүүр хуудас