АН хар машиндаа итгэдэг бол МАН ард түмэндээ итгэдэг гэв

2015-12-28 14:33:02

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гарагт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрээр мэдээллийг эхэнд Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг онцоллоо.

 

Мөн С.Бямбацогт хэлэхдээ "Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа" гэв.

 

Түүнчлэн энэ үеэр ипотекийн найман хувийн зээлийг МАН зогсоолоо гэх ташаа мэдээллийг тараасан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр уучлал гуйгаагүй учраас МАН-ын нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан гэдгээ мэдэгдлээ.

 

-Сонгогч хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон-

 

Үүний дараагаар тэрээр хуульд орсон тодорхой өөрчлөлтүүдийг танилцуулав.  Зөвшилцөл явагдсанаар 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдохоор болсон. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон гэв. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс дэвшсэн жагсаалтыг сонгогчдод өгнө.

 

Мөн УИХ-д суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар шийдвэрлэв. СЕХ-г татан буулгаж "Улс төрийн зөвлөл" гэгчийг байгуулах гэж байсныг хасуулж, СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгагдсан. Саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болсон. Харин эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгосон гэдгийг тодотголоо.

 

Түүнчлэн шинэ хуулиар 18 нас хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтыг үгүй болгож, улс төрийн намуудын таван хувийн босгыг хэвээр үлдээсэн гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлсэн юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас