Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

2015-12-28 14:19:51
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
 
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийг ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
 
 
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн зөвлөх Ламжавын Дүгэрсүрэн, ДЦС-3 ТӨХК-ийн дунд даралтын зуухан цехийн ээлжийн дарга Долгорын Хишигмаа нарыг,
 
 
Монгол Улсын Гавьяат багш цолоор СБД-ийн 8-р хорооны иргэн, ахмад багш Сангаширийн Дамдинсүрэн, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш Сандагийн Жамъянхорол нарыг,
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч, БХТН-ийн техникийн спортын төвийн ахлах дасгалжуулагч Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийг,
Монгол Улсын Гавьяат малчин цолоор Булган аймгийн Баян-Агт сумын малчин Шагдарын Дамбийжанцанг,
 
 
Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Хүннү эйр ХХК-ийн сургалтын албаны дарга Гочоогийн Ерөөлтийг,
 
 
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, Пүрэвжавын Өнөрбат, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Доржсүрэнгийн Сумъяа нарыг,
 
 
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг,
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Агыпарын Бакейг,
 
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үнэн сонины гэрэл зургийн албаны сурвалжлагч Ноосонборын Бөхдамбий, Их засаг дээд сургуулийн багш, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа, Эрүүл идэвхтэй амьдрал клубын тэргүүн Жамбалын Цогтсугар нарыг,
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Сити дээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Жамъянгийн Цэцгээг,
 
 
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатар, Хурд хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр, ХЦДБЧ-ын дарга Бадамдоржийн Ганхуяг нарыг,
 
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Загдын Оюунханд, Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Оргойн Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбожавын Тунгалаг, Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Дамдиндоржийн Бямбахүү нарыг,
 
Сүхбаатарын одонгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга Жамбын Батсуурийг,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ШШГЕГ-ын Газрын дарга Машлайн Алтан-Очирыг,
Алтан гадас одонгоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зам талбайн үйлчлэгч Ваанчигийн Сүрэнжавыг,
Цэргийн хүндэт медалиар БХЯ-ны харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин Галсангийн Гансэлэм, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харуулын дарга Гонгоржавын Сүмбэрэл нарыг тус тус шагналаа.
 
 
Шагнагдагсдад хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ
 
“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой тохиож буй энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнд амжилт ололт,  хичээл зүтгэлээрээ улс орондоо ихийг бүтээсэн иргэддээ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.     
Монголын төр мянга мянган шавь төрүүлсэн эрдмийн уурхайн эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд инженер, нисгэгч, зохиолч, хөгжимчин, зурагчин, малчин зэрэг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ зүтгэл сэтгэлийг үнэллээ. 
Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон Та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Улам их хичээгээрэй. 
Та бүхэнд дахин баяр хүргэе!” гэлээ.
 
 
Эх сурвалж: President.mn
 

Нүүр хуудас