Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ

2015-12-28 09:11:42

 

Сонгууль бүрийн өмнө Сонгуулийн хуулиа өөрчилдөг жишиг тогтоод удаж байна. Энэ жишгийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн хуулийг өөрчилнө, өөрчлөхгүй гэж парламентад суудалтай намууд нэлээд маргалдсаны эцэст зөвшилцөлд хүрч, өөрчлөн найрууллаа.

 

Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн төлөөлөл Сонгуулийн гурван өөр хуулийн төсөл өргөн мэдүүлээд байсан. Үүнийг нэгтгэж хэлэлцэх УИХ-ын даргын захирамж гарч, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гаран ажилласан юм.  Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгохоор хуульд тусгажээ.

 

Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд “Жагсаалтаас давхар нэр сонгоно гэвэл техникийн хувьд боломжгүй. Сонгуульд 24 нам нэр дэвшинэ. Нам бүр 28 хүн нэр дэвшүүлбэл, ойролцоогоор 7 метр орчим цаас гарна. Гэхдээ зөвхөн машин болохгүй учраас намаа сонгоё гэж үзээгүй. Гол нь хариуцлагын асуудал. Жагсаалтаар хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь тухайн улс төрийн намын хариуцлага, бодлогын асуудал” гэлээ.

 

УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр, Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр хийх аж. Мөн эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь хэвээр хадгалах юм.

 

Бүсчлэхгүй

 

Сонгуулийн хуулийн ажлын хэсэг Монгол Улсыг таван бүс болгон хуваан гэж байсан юм. МАН, АН хооронд яригдсан тохироогоор бол Монгол Улсыг Баруун, Зүүн, Төвийн, Хангайн, Улаанбаатарын гэж таван бүс болгон хуваахаар байсан. Бүс бүрт ногдох мандатын тооны хувьд Улаанбаатарт найм, бусдад нь тус бүр тав, таван мандат хуваарилахаар яриад байсан ч хэлэлцүүлгийн явцад энэ зүйл заалт хасагдсан юм.

 

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар “Тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгаллаа. Хэлэлцүүлгийн явцад 28-ыг бүсчлээд явуулъя гэж санал хураагдсан. Гэхдээ үүнийг эргэж яриад, 28-ыг бүсчлэхээ больсон. Хүн дугуйлах, нам дугуйлах асуудлаар санал гаргаад, санал хураалт явуулсан. Санал хураалтын үр дүнгээр ажлын хэсгийн төвшинд ч тэр, байнгын хорооны төвшинд ч дэмжигдээгүй” гэлээ.

 

Түүнчлэн Сонгуулийн хуульд намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь саналын хуудаст бичих аж.

 

Техникийн тооллогыг 50 хувьд нь хийнэ

 

 

Саналыг хар машинаар тоолох бөгөөд ингэхдээ 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх аж. Зөрүү гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах юм байна. Ингэхдээ нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтоор техникийн тооллого хийх аж. Техникийн тооллого хийх, зохион байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна.

 

Мөн техникийн тооллого явуулахдаа улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулахаар боллоо. Гэхдээ техникийн тооллого болон автомат машины тооллогын дүн зөрсөн тохиолдолд эхний ээлжинд автомат машины буюу үндсэн тооллогын дүнг баримтлах гэх зэрэг заалт хуульд туссан.

 

Сонгуульд 801-ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшөөрөл авч, бие даан нэр дэвшдэг. Гэтэл 900 хүний гарын үсэг зуруулж, нэрээ дэвшүүлээд байтал ганц хоёр хүний иргэний үнэмлэх дэх гарын үсэгний зөрүүнээс болж "зөрчилтэй" хэмээн Бие даан нэр дэвшигчийг бүртгэдэггүй байсан. Тэгвэл сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн ч маягтын зөрчилгүй, 801-ээс доошгүй бол бие даан нэр дэвшигчийг бүртгэх заалт оруулжээ.

 

Гишүүд дураараа дургихгүй

 

Гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солих жишиг бий. Энэ удаагийн парламентад гэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин тангаргаа өргөснийхөө дараа АН руу урвасан. Үүнийгээ тэрээр “Гадуурхагдаж ирсэн учраас АН-ын дарга З.Энхболдод санал тавьж, эмэгтэй хүний минь хувьд дэмжээч” гэсэн хэмээн тайлбарлаж байсан билээ.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Батцогт мөн л АН руу “шарвасан”. Тэрээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ховд аймагт нэр дэвшин парламентад орж ирсэн юм.

Тэгвэл ирэх сонгуулиар парламентад сонгогдох эрхмүүдийг намаа сольж, урваж, шарвавал эргүүлж татах зохицуулалт оржээ. Гэхдээ үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байна.

 

Сонгуулийн хуулийн голлох заалтуудыг дурьдахад ийм байна. Ирэх сонгууль 2016 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт болно. Сурталчилгаа хийх хоногийг 18 хоног байхаар тогтлоо. Өмнөх хуульд 21 хоног байсан ч хугацааг гурав хоногоор урагшлуулж, арилжааны телевизээр нэг өдөрт явуулах сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх ёстой гэж заажээ. Сонин хэвлэлийн хувьд нийтлэл гаргах хэмжээг зааж өгч. Өөрөөр хэлбэл, 2012 оны Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааг яаж явуулж байсан тэр системээрээ явах юм байна.

 

С.Заяа


Нүүр хуудас