Инфляци буурна

2015-12-27 13:05:49

 

Инфляци 2016 он дуустал үргэлжлэн буурч, 2017 оноос эргээд өснө гэж Монголбанкнаас үзжээ. Өмнөх улирлын төсөөлөлтэй харьцуулахад инфляцийн төсөөлөл харьцангуй буурсан байна. Инфляци ийнхүү огцом буурсан нь нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт саарч эрэлт буурснаас, хоёрдугаарт нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнэ огцом буурсан нь нөлөөлжээ.

 

Харин гуравдугаарт төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор хэрэглээний импорт буурч, барааны үнийг бууруулах үндсэн шалтгаан болсон байна. Мөн инфляци буурсны дөрөв дэх гол шалтгаан нь бодлогын хүүг энэ оны нэгдүгээр сард нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн нь мөнгөний тэлэлтийг бууруулсан нь нөлөөлсөн аж.

 

Инфляцийн төлөв байдлын тайланд дурдсанаар арваннэгдүгээр сарын статистик мэдээллээр Монгол Улсын жилийн инфляци 2.9 хувьтай байгаа бол оны эцэс гэхэд нэг хувь орчимд хүрэх төлөвтэй байна. 2015 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтот түвшинг долоон хувьд барихаар тодорхойлсон юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 2.9 хувь буюу зорилтот түвшнээс 4.1 нэгж хувиар бага байгаа аж.

Eagle.mn


Нүүр хуудас