Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оров

2015-12-26 10:00:00

 

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн гишүүдийн төлөөлөл багтсан ажлын хэсэг гарч ажиллан уг хуулийн төслийн “усыг шахсан” юм.

 

Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалсан. Тэрээр “Гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солиход хүрвэл эргүүлж татах зохицуулалт байсан. Үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байгаа. Тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгаллаа. Хэлэлцүүлгийн явцад 28-ыг бүсчлээд явуулъя гэж санал хураагдсан. Гэхдээ үүнийг эргэж яриад, 28-ыг бүсчлэхээ больсон. Хүн дугуйлах, нам дугуйлах асуудлаар санал гаргаад, санал хураалт явуулсан. Санал хураалтын үр дүнгээр ажлын хэсгийн төвшинд ч тэр, байнгын хорооны төвшинд ч дэмжигдээгүй” гэлээ.

 

Саналыг хар машинаар тоолох бөгөөд ингэхдээ 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх аж. Зөрүү гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах юм байна. Ингэхдээ нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтоор техникийн тооллого хийх аж. Техникийн тооллого хийх, зохион байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна.

 

Мөн техникийн тооллого явуулахдаа улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулахаар боллоо. Гэхдээ техникийн тооллого болон автомат машины тооллогын дүн зөрсөн тохиолдолд эхний ээлжинд автомат машины буюу үндсэн тооллогын дүнг баримтлах гэх зэрэг заалт хуульд туссан.

 

Түүнчлэн УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр, Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр хийхээр хуульд тусгалаа.  Мөн эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь хэвээр хадгалах юм.

 

Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг баталлаа.

 

С.Заяа


Нүүр хуудас