А.Бакей: Жагсаалтад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг намын хариуцлагын асуудал

2015-12-25 13:20:03

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нам дугуйлах гээд байна уу, хүн дугуйлах гээд байна уу. Хүнээ дугуйлах асуудлыг ажлын хэсэг дээрээ ярьсан уу. Ажлын хэсэгт орсон жагсаалтаар сонгогдсон гишүүд нь энэ хүнээ дугуйлахыг дэмжсэн үү. Мөн Сонгууль болсны дараа нам, эвслээ сольдог байдлыг зохицуулах талаар ямар асуудал яригдсан бэ. Энэ байдлыг өөрчлөх ёстой шүү.

 

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей: Гишүүн сонгогдсоныхоо дараа нам, эвслээ солиход хүрвэл эргүүлж татах зохицуулалт байсан. Үүнийг Сонгуулийн хуулиар бус УИХ-ын тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзсэн байгаа. Тогтолцооны хувьд 48:28 тогтолцоог хэвээр хадгална. Хэлэлцүүлгийн явцад 28-ыг бүсчлээд явуулъя гэж санал хураагдсан. Гэхдээ үүнийг эргэж яриад, 28-ыг бүсчлэхээ больсон. Хүн дугуйлах, нам дугуйлах асуудлаар санал гаргаад, санал хураалт явуулсан. Санал хураалтын үр дүнгээр ажлын хэсгийн төвшинд ч тэр, байнгын хорооны төвшинд ч дэмжигдээгүй.

 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: 48:28-аа хэвээр нь үлдээхээр болж байгаа юм байна. Ингэж хийхээр Үндсэн хуулиа зөрчсөн асуудал давтагдах уу, үгүй юу. Үндсэн хуулийн зөрчил мөн үү, биш үү гэдэг дээр хариулт авъя. Нам дугуйлах асуудал өөрөө иргэдийнхээ саналыг бүрэн хангаж чадаж байна уу. Хоёрдугаарт гар аргаар тоолох. Гараар тоолсон, машинаар тоолсон хоёр зөрвөл алийг нь зөв гэж тооцох юм бэ.

 

УИХ-ын гишүүн А.Бакей: Намын 28-ын жагсаалт дээр давхар хүнээ дугуйлъя гэдэг санал ажлын хэсгийн төвшинд болон байнгын хорооны төвшинд дэмжигдээгүй. 50 хүртэлх хувь дээр техникийн тооллого хийнэ. Зөрүү гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Үндсэн тооллого нь машины тооллого.

 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2012 оны хууль маань иргэд хүлээж авахгүй хоёр зүйл бий. Нэг нь хар машин, нөгөө нь 28-ын жагсаалт. 28-ын жагсаалтаа давхар нэр дэвшигчдийг нь дугуйлъя гэж байсан нь юу болсон бэ.

 

 

Ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд: Жагсаалтаас давхар нэр сонгоно гэвэл техникийн хувьд боломжгүй. Сонгуульд 24 нам нэр дэвшинэ. Нам бүр 28 хүн нэр дэвшүүлбэл, ойролцоогоор 7 метр орчим цаас гарна. Энэ бол тоглоом биш. Гэхдээ зөвхөн машин болохгүй учраас намаа сонгоё гэж үзээгүй. Гол нь хариуцлагын асуудал. Жагсаалтаар хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь тухайн улс төрийн намын хариуцлага, бодлогын асуудал.   

 

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгалаа. Байнгын хорооны дэмжсэн 25 санал, дэмжигдээгүй 5, найруулгын шинжтэй 23 санал гарсан байна.

 

Энэ хүрээнд Сонгуулийн санал авах өдрийг 180-аас доошгүй хоногийн өмнө тогтох байсныг 150 болгож багасгахыг гишүүд дэмжлээ. Мөн УИХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр, Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн 15 хоногийн аль нэг ажлын өдөр тогтох саналыг дэмжсэн. Нийт хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд санамсаргүй сонголтоор техникийн тооллого хийх санал дэмжигдлээ. Техникийн тооллого хийх, зохион байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо гаргана, мөн техникийн тооллогыг явуулахдаа улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулах юм байна. Гэхдээ техникийн тооллого болон автомат машины тооллогын дүн зөрсөн тохиолдолд эхний ээлжинд автомат машины буюу үндсэн тооллогын дүнг баримтална. Мөн эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь хэвээр хадгалах саналыг дэмжсэн.

 

Гишүүд ийнхүү Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ өнөөдөртөө багтаж, Сонгуулийн хуулийг батлахаар ажиллаж байгаа юм.

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас