Сонгуулийн таван бүсийг ингэж хуваажээ

2015-12-25 12:45:55

 

УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх эцсийн хугацаа 2015 оноор дуусна гэвэл энэ парламентад ердөө зургаа хоног үлдлээ. Ажлын өдрөөр тооцвол энэ хугацаа нь хоёр дахин багасна. Тиймээс гуравхан хоногт багтаж намууд тохирч, гишүүд ойлголцож байж Сонгуулийн хууль батлагдах болчихоод байна. УИХ хуулиа өөрчилсөн үед Монгол Улсын сонгуулийн газрын зургийг дахин шинээр зурах нөхцөл байдал үүсэх юм. Нэгд, 2012 оны сонгуулиар хэрэглэсэн томсгосон мажоритар тойргуудаа жижиглэх санал намуудаас гарсан. 


Хэрэв энэ санал дэмжигдвэл одоо томсгосон нэг тойрог байгаа аймаг, дүүргүүд дотроо хоёроос гурван тойрог болж хуваагдах юм. Хоёрт, намын жагсаалтын 28 мандатаа таван бүсэд хуваах санал гарч, АН, МАН ерөнхийдөө ойлголцол нэгтэй болчихсон. Энэ чиглэлээр хууль батлагдвал СЕХ сонгуулийн газрын зургийг шинээр зурж, Монгол Улсыг таван бүс болгон хуваах юм. 


Намууд хооронд яригдсан тохироогоор бол Монгол Улсыг Баруун, Зүүн, Төвийн, Хангайн, Улаанбаатарын гэж таван бүс болгон хуваах юм байна. Бүс бүрт ногдох мандатын тооны хувьд Улаанбаатарт найм, бусдад нь тус бүр тав, таван мандат хуваарилахаар ярьжээ. Харин аймгуудыг бүсүүдэд хуваахдаа нэг бүсэд 5-6 аймаг байхаар тооцсон юм байна. Хуулийн төсөлд тусгагдаагүй ч намуудын зөвшилцсөнөөр бол  Баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг хамаарч байгаа аж. Харин Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг багтаажээ. 


Зүүн бүсийн хувьд арай өөр аж. Зүүн гурван аймаг болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар дээр нэмээд Дорноговь, Говьсүмбэрийг оруулжээ. Үлдэж буй аймгуудын хувьд Төвийн бүсэд хамаарна. Тэнд нь Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймаг багтаж байгаа юм. 

 

Г.Анар 

Эх сурвалж:


Нүүр хуудас