Сонгуулийн хуульд ийм өөрчлөлтүүд орно

2015-12-25 10:52:16

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм.   

 

Тодруулбал, Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачилсан Сонгуулийн хуулийн төсөл, Су.Батболд нарын 7 гишүүн, О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зарчмуудыг төсөлд тусгаагүй, сонгуулийн хуулийн асуудлаар улс төрийн намуудын зөвшилцөл бүрэн хийгдээгүй гэж үзсэн. Тиймээс хуулийн төслөө тусад нь хэлэлцүүлэхээ мэдэгдсэн билээ.

 

Энэ дагуу ажлын хэсэг хуралдасны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо ийн хуралдав. Ингэхдээ сонгуулийн хуулийн төслийн зарчмын гол асуудал болон зарим зүйл заалтын талаар ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Өөрөр хэлбэл, нам, эвслийн бүлгүүд зөвшилцөлд хүрч гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцлээ. Тухайлбал, УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байсныг бүсчилсэн 5 тойрог болгох, бүсчилсэн тойрогт суудал хуваарилах асуудлыг болих нь зүйтэй гэж тохирсон байна. Ингэснээр томсгосон тойрог хэвээр үлдэх юм.

 

Нэгэнт бүсчилсэн тойргийн асуудлыг хасахаар тохирсон тул энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь дэмжигдсэн төслийн холбогдох заалтуудыг хасахаар болов. Мөн төслийн 85.6 дахь хэсэгт “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтын энэ хуулийн 22.2-т заасан бүсчилсэн тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр р тогтсоноо хаслаа.

 

Түүнчлэн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар хасахаар шийдвэрлэсэн төслийн 16.3 дахь хэсгийн “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэснийг "150-иас доошгүй" гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

 

Гэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар зөвшилцлийн дагуу Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төслүүдийг шуурхай хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батлах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ дагуу Сонгуулийн хуулийн нэгдсэн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлахаар ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн байна.

 

Төслийн 155.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол нэр дэвшигчээр бүртгүүлэхээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар заасныг “3 сарын өмнө” гэж өөрчлөхөөр болжээ. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө ажил, албан үүргээсээ чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай.

 

С.Аз


Нүүр хуудас