Сонгуулийн хуулийн эсрэг Гацууртыг хөдөлгөв

2015-12-25 08:25:00

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Бүтэн жил гаруй хугацаанд гацсан уг асуудал ийнхүү шинэ оны өмнөхөн хөдөлж байна.

 

Төр гацууртын ордыг ашигласнаар 10 жилийн хугацаанд 200 орчим сая ам.доллар Монголын Засгийн газрын өгөөж болж ирнэ. Энэ нь ордын ашиглалтын явцын нийт орлогын 68 хувь гэдгийг Засгийн газраас танилцуулж байгаа юм. Мөн Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоохын сацуу Ноён уулын орчмыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг парламент дэмжлээ. Жил гаруйн хугацаанд гацсан Гацууртын ордыг ашиглах асуудал гэнэт ийн хөдөлсөн нь учиртай. Тодруулбал, шаргал ордонд буй мессежээр бол АН-ынхан Сонгуулийн хуулийн тохирооныхоо хариуд Гацууртын ордыг хөдөлгөх шахалтыг МАН-ынханд өгчээ.

 

Хэрэв АН-ынхан хүсвэл Сонгуулийн хуулийг батлахгүй байх боломжтой. Харин МАН-ынхан Сонгуулийн хуулийг хуулийн хугацаанд нь заавал өөрчилж, батлах ёстой хэмээн үзэж байгаа. Ингэхдээ автоматжуулсан тооллогоос гадна гар тооллогыг заавал хийх ёстой гэж байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Тохиролцооны дагуу гар тооллогыг 50 хувьд нь хийхээр болсон” хэмээн дурьдсан. Мөн МАН-ын гишүүдийн зүгээс 50 хувьд нь гар тооллого хийхээр болсон тухай дуулгаж байгаа юм.

 

Тэгвэл АН-ын Засгийн газрын хувьд ямар ч байсан том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа аварна гэсэн амлалттайгаар гарч ирсэн. Энэ хүрээндээ Оюутолгойн хөрөнгө оруулалтыг шийдэж чадсан. Харин одоо хүлээгдэж буй төслүүдийн нэг нь Гацуурт байсан юм. Гацууртыг ашигласнаар Монголбанкинд жил бүр 5 тонн алт тушаагдах, Монгол Улсын валютын нөөц 189 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой. Сонгуулиас өмнө эдийн засгийн хүндрэлийг бага ч болов арилгая гэвэл Засгийн газар том төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарцгүй юм. Үүний тулд Сонгуулийн хуулиар Гацууртын ордыг “наймаалцав” бололтой.

 

УИХ-ын хэлэлцүүлгийн явцад гишүүн Х.Болорчулуун “Ерөнхий сайд та гадны улсын Ерөнхий сайд шиг ярьж байна. Битгий шалчигнаад байна” хэмээн уурссан. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Ядаж ноён уулаа өршөөгөөч, Ерөнхий сайд аа, Өршөөлийн хуульд хамруулчихаач” хэмээсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ноён уулыг тусгай хамгаалалтад авснаар Г.Уянга гишүүний хэлсэнчлэн өршөөлд хамруулж байгаа” гэсэн. Харин Х.Болорчулуун гишүүнийг адилхан “Битгий шалчигнаад бай...” хэмээн хэрэлдсэн юм.

 

Гишүүн С.Ганбаатар “Өвөг дээдсийнхээ шарилыг ухах хүртлээ Монгол Улс юугаар дутсан юм бэ” хэмээн халаглалаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын уул уурхайн салбар дахь бодлогыг эсэргүүцэж, шүүмжлэгчид энэ удаад ч үгээ хэлсэн. Гэхдээ АН-аас гадна МАН-ын гишүүдийн дэмжлэг хангалттай байсан учраас Гацууртын ордыг ашиглая хэмээн УИХ нэг их хүндрэлгүйгээр шийдчихлээ. 

 

Сонгуулийн хуулиар “наймаалцаад” ч болов Гацууртын ордын асуудал нэг тийш шийдэгдэж байгаа нь чухал. УИХ-ын дарга З.Энхболд санал хураалтын өмнө “Бид нэг жил гаруй хугацаанд энэ асуудлыг шийдэж чадалгүй гацлаа. Юу ч хожоогүй. Гурван хүн амиа алдсан. Монголбанкинд 5 тонн алт тушаагдчихаар хугацаа өнгөрчихлөө. Юу ч тушаагдаагүй. Нинжа нарт хэчнээн их алтаа алдсан юм бүү мэд” хэмээсэн юм.

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас