Ч.Хүрэлбаатар: Хяналтын тооллогыг 50 хувьд нь хийнэ

2015-12-25 08:01:00

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн хуулийн ажлын хэсэг гаран ажиллаж буй. Тус ажлын хэсэг зарим асуудалд нэгдсэн шийдэлд хүрчээ. Хуулийн төслийг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх байсан ч О.Баасанхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг зүйл заалтуудаас тусгаагүй байна хэмээж, төслөө тусад нь хэлэлцүүлэх шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан ажлын хэсэг дахин хуралдахаар болсон юм.

 

Уг хуулийн талаар ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-УИХ дахь суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдлаа. Зөвшилцөөнд хүрсэн учраас төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн гэж ойлгож байна. Чухам ямар асуудалд нэгдсэн шийдэлд хүрэв?

 

-Гурван долоо хоногийн өмнө УИХ-ын дарга Су.Батболд нарын, Р.Бурмаа нарын, О.Баасанхүү нарын гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн нэгтгэж хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэгдсэн. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. МАН-ын зүгээс санал тоолох хар машинаар тоолохдоо гараар давхар 100 хувь тоолох санал гаргасан. Харин АН-аас гараар тоолуулахгүй, хар машинаар тоолох нь зүйтэй гэх байр суурьтай байв. Мөн намын жагсаалтаар сонгогддог 28 гишүүнээ бүсчлэе гэх санал гаргасан.  Ингээд ажлын хэсэг дээр ярилцаад Сонгуулийн хуулийг цааш нь явуулах ёстой гэж үзлээ.

 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан саналаас оруулаагүй юм уу?

 

-О.Баасанхүү гишүүн бидний санал тусаагүй байна гэх үндэслэлээр өөрийнхөө хуулийг тусад нь хэлэлцүүлэх шаардлага өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар хэлэлцэх ёстой учраас өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан зарим саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болоод байна. Гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарим саналыг тусгасан байсан. О.Баасанхүү гишүүн заримд нь зарчмын өөр саналтай байгаа. Тухайлбал, ард түмнээс сонгогддоггүй намын жагсаатаар орж ирдэг гишүүдийн тоог 38 болгоё гэж байгаа. Үүнийг хамтарсан ажлын хэсэг “Хүлээж авах боломжгүй” гэж үзсэн. Мөн О.Баасанхүү гишүүн бүсчлэхийг эсэргүүцэж байгаа.

 

-Тэгвэл танай намаас гаргасан саналууд бүгд тусгагдаж чадсан уу. Парламентад суудалтай хоёр том нам өөрсдөдөө ашигтай зүйл заалтуудыг оруулсан гэх шүүмжлэл байх шиг байна лээ?

 

-Манай намын зүгээс ард түмнээс сонгодог 48 хүнийг нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөхгүй байхаар тойргоо хуваая гэх санал гаргасан ч дэмжлэг хүлээгээгүй. Тойрог, хэсгийн хороодод сонгуулийн үеэр улс төрийн намын ажилтнуудыг ажиллуулъя гэх заалт ч дэмжигдээгүй. Хар машинаар санал тоолсны дараа хяналтын тооллогыг 100 хувь хийе гэсэн санал маань 50 хувь болж өөрчлөгдсөн байх жишээтэй. Хар машинд эргэлзээ байна гэж үзсэн учраас гараар давхар тоолох асуудал тавьсан юм.

 

С.Заяа    


Нүүр хуудас