З.Баянсэлэнгэ: Ипотекийн зээл шийдэгдвэл 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломж бүрдэнэ

2015-12-24 14:35:46

 

Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцож, салбартаа хийж хэрэгжүүлж буй цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд салбарын хууль  эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч,  хот байгуулалт, инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах, барилгын материал үйлдвэрлэлийн орчин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн харилцааг сайжруулах чиглэлээр түлхүү ажилласан аж.

 

Улсын хэмжээнд 2015 оны эхний гуравдугаар улирлын байдлаар 17220 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн 20444, аймаг орон нутагт 184 төслийн 8884 айлын орон сууц баригдаж буй гэсэн.

Газрын харилцааг сайжруулж, үл хөдлөх хөрөнгө болгох,  эдийн засгийн эргэлтэд оруулахад анхааран ажиллаж эхэлжээ. Үүний нэг нь малчдын өвөлжөөний газрыг кадастржуулан баталгаажуулалт, хаягжуулалт хийх ажил гэнэ. Ингэснээр малчид өвөлжөө болон түүний ойр орчмын эзэмшил газрыг өмч болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох аж.

Тэрээр ийм мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой юу?

 

-Төр нэгэнт бодлогоо гаргачихлаа. Түүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар тухайн асуудалтай холбоотой компаниудаас санал авна. Манай яам арилжааны бүх банкаас санал авсан. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Арилжааны банкууд барилгын салбарынхантай харилцан уялдаа холбоотой ажиллах бодлогын дэмжлэг хүсч байгаа. Гагцхүү Засгийн газрын тогтоол журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хүсэлтийг бид хүлээж авч шийдсэн. Цаашид орон сууцны ипотекийн зээл шийдэгдвэл 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломжтой болно.

 

-Засгийн газар Монголбанкинд 10 хувийн урьдчилгаатай болгох тооцоо судалгаагаа өгөөгүй гэж ярьж байсан. Энэ судалгааг өгсөн үү?

 

-Засгийн газрын 20 хувийн урьдчилгааны талаар хүмүүс их асууж байна. Арилжааны банкууд ч хэлдэг. Юу вэ гэвэл, 20 хувийн урьдчилгааны баталгаа болгож үнэт цаас байршуул гэх шаардлага тавьсан. Иргэн бол 10 хувийг төлнө. 20 хувьд баталгаа гаргаж байгаа ч үлдсэн 90 хувийг иргэн 30 хүртэлх жилийн хугацаанд төлнө. Энэ 20 хувь бол барилгын үнэ өсөх, чанаргүй зээл бий болохоос сэргийлж байгаа зүйл юм. Иргэний зээл дээр мөнгөөр дэмжлэг үзүүлж байгаа зүйл биш. Одоо иргэд 10 хувиа төлөөд, арилжааны банк 70 хувийг төлөөд, 20 хувьд нь арилжааны банк барилгын компани нийлж баталгаа гаргаад дараа нь иргэдээс нөхөж авах боломжтой.

 

-Улсын хэмжээнд 10 хувиа төлөөд байр авах хүсэлтэй хэдэн иргэн байна вэ?

 

-Судалгааг хүмүүс статистикаас авч байгаа. Өөрсдийн нэгтгэсэн тоо баримт ч байна. Гэхдээ одоогоор хэдэн хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа тодорхой болоогүй байна. Хүмүүс тооцоо судалгаа яриад байх юм. Энэ нэг талдаа байх ёстой ч нөгөө талдаа иргэд хүлээж байгаа шүү дээ. Өөрсдийн эдийн засгийн боломжид тааруулаад 10 хувийн урьдчилгаагаа бэлдээд, хэзээ хэрэгжиж эхлэх юм бол гэдэг хүлээлттэй байна. Тиймээс төдийлөн нарийвчилсан тооцоо судалгаа гарч өгөхгүй байна.

С.Аз


Нүүр хуудас