Л.Оюун-Эрдэнэ: Урьдчилгааг 10 хувь болгосноор зээлийн нөхцөлд өөрчлөлт орохгүй

2015-12-24 14:47:09

 

Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Тус банк Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг олгох талаар санамж бичиг байгуулсан. Харин өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын яам, арилжааны банк хоёр гарын үсэг зураад шийдэхгүй” гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ талаар Голомт банкны байр суурийг сонирхсон юм.

 

-Танай банк иргэдэд 10 хувийн урьдчилгаатайгаар ипотекийн орон сууцны зээл олгоно гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд БХБЯ-тай хамтрахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Яг хэзээнээс, ямар нөхцөлтэйгөөр 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг олгож эхлэх вэ?

 

-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн олголт зогссон байгаа. Энэ бол өөрөө Цэцийн дүгнэлтээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон Иргэний хуулиудад өөрчлөлт орсон. Энэ шинэ нөхцөл байдалтай арилжааны банкууд хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгээ ярилцах шаардлагатай болсон. Мөн УИХ-аас удахгүй шинэ хуулийг гаргах байх. Тэр болтол бүх банкууд яах аргагүй хүлээлтийн байдалд орж, ипотекийн найман хувийн зээлийг зогсоосон. Манай банк ч бас ипотекийн найман хувийн зээлийг зогсоосон. Манай банкны хувьд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг олгох талаар БХБЯ-тай өмнө нь ч бас санал солилцоод, ажиллаж байсан. Үүнийхээ дагуу хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашдаа энэ санамж бичгийн дагуу хэлэлцэж ярилцах, хамтарч ажиллах шийдэл гаргана. Засгийн газраас ч бас хамтын ажиллагаанд шаардлагатай тодорхой дэмжлэгийг хэрхэн хүргэх вэ гэдэг байдлаар санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Үүнээс гадна барилгын компаниудтай ярьж, хэлэлцэх ёстой. Энэ баталгааны асуудал, гэрээ, нөхцөлүүд дээрээ ажиллаад, цаашдаа илүү их судалгаа хийгдэнэ.

 

-10 хувийн урьдчилгаатай болгосноор нөхцөлүүд өөрчлөгдөх үү?

 

-Ипотекийн зээлийн ерөнхий нөхцөлүүд өөрчлөгдөхгүй. Гол нь иргэн хүн өөрөө урьдчилгаа 30 хувиа төлдөг байсан бол 10 хувиа төлөх бололцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн байдлаар тооцоо, судалгааг хийж байгаа. 

 

-20 хувь дээр баталгааг хаанаас гаргах вэ?

 

-Одоо байгаа баталгааны журмаар бол Засгийн газар баталгаа гаргана. Засгийн газрыг төлөөлөөд Хөгжлийн банк баталгаа гаргахаар байсан. Тэгвэл энэ баталгааг арилжааны банк бас ялгаагүй гаргах боломжтой байхаар журамд өөрчлөлт орсон.

 

-Хугацаа өөрчлөгдөхгүй юу?

 

-Хугацаанд өөрчлөлт орохгүй. 

 

-Зарим эдийн засагчид цэц дүгнэлт гаргасан хэдий ч банкууд хуралдаад, ингэж зээлийг зогсоож болохгүй. Зөвхөн Монголбанк шийдэх ёстой гэж байр сууриа илэрхийлж байгаа?

 

-Цэцийн дүгнэлт гарснаар банк үл хөдлөх хөрөнгийн барьцаатай зээл олгох нь эрсдэлтэй болсон. Энэ эрсдлийг яаж хамгаалах вэ, хуулиудад ямар байдлаар өөрчлөлт орсноор энэ асуудал зохицуулагдах ёстой вэ гэдэг дээр бид хамтарч ажиллах ёстой. Тийм учраас бид саналаа солилцоод, ажиллаж байна.

 

-Банкууд энэ төрлийн зээлийг олгох сонирхолгүй болсон. Тийм учраас цэцийн дүгнэлтээр далимдуулж, зээлийг зогсоож байна гэх хардлага байна? 

 

-Бид орон сууцны зээлийг 2003 оноос анх олгож эхэлсэн. Энэ хугацаанд манай банк 25000 гаруй айлыг орон сууцтай болгосон байдаг. Найман хувийн хүүтэй зээл 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд бид 17000 гаруй айл, өрхөд 750 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олголоо. Тэгэхээр би банкууд сонирхолгүй байна гэдгийг маш буруу, ташаа ойлголт гэж бодож байна. Иргэдээ орон сууцжуулах гэдэг банкны хийх ёстой гол ажил. Ингэснээрээ бид өрхийг орон сууцтай болгож, хуримтлалыг дэмжиж байна. Голомт банк үндэсний хуримтлалын хөтөлбөрийг эхлүүлсэн. Үндэсний хуримтлал мөнгөн хэлбэрээс гадна байр, орон сууцаар байж болно. Орон сууц аваад, түүндээ зээлээ төлж байна гэдэг маань бас нэг хэлбэрийн хуримтлал юм. Тийм учраас аль ч банк орон сууцны зээлийг олгох байнгын сонирхолтой байдаг.

 

-Одоо 10 хувийн урьдчилгаатай зээлийг олгож эхлэхэд юу саад болоод байна вэ. Ямар нөхцөл хангагдсан тохиолдолд тухайлбал танай банк иргэдэд 10 хувийн урьдчилгаатайгаар ипотекийн зээл олгох боломжтой вэ. Хүлээлт үүсчихээд байна?

 

-10 хувийн урьдчилгааг Засгийн газар анх санаачилснаар иргэдэд хүлээлт үүсгэсэн. Тэр хүлээлтийг бид аль болох богино хугацаанд хэрэгжүүлж, шийдэл гаргах, тэр шийдлийг амьдралд хэрэгжүүлье гэсэн бизнес санаа юм. Энэ бизнес санааг хэрэгжүүлэх эхний алхам нь Засгийн газрын яамтай хамтарч байгаа зүйл.

 

-Тооцоо судалгаа хийгдсэн үү. Яг 10 хувийн урьдчилгаатай болсноор эрэлт хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ. Эрэлтийг хэрхэн хангах гэх зэрэг?

 

-Засгийн газрын зүгээс тооцоо судалгааг гаргаж өгөх шаардлагатай. Тэр судалгаан дээр үндэслээд банкны зүгээс нэмэлт судалгаа хийх, дэмжиж туслах юм. Ийм хоёр талын хамтын ажиллагаа.

 

-Яг хэзээнээс 10 хувийн урьдчилгаатай зээл эхлэх вэ гэдэг дээр тодорхой цаг хугацаа хэлэх боломж байна уу?

 

-Саналаа солилцоод, ажиллаж эхэлж байна. Яг тэр энэ үеэс олгоод эхэлнэ гэсэн зүйл одоогоор алга. 

 

-Ярилцсанд баярлалаа.  

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас