Чуулганы хуралдаан эхэллээ

2015-12-24 10:22:00

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн өөрчлөлтөөр хууль хэрэгжих хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар заагаад буй юм.

 

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Мөн Татвар, Гааль, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын газарт хөрөнгө, орлогоо ил болгосон тайлан асар их ирж ажлын ачаалал үүсч байгаа учраас хуулийн үйлчлэх хугацааг сунгах зорилгоор Засгийн газар холбогдох төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна.

 

Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Үндэсний статистикийн хорооны дарга З.Мэндсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлнө. Тэд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон учраас УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр энэ өдрийн хуралдааны жагсаалтад багтаасан байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс гаргасан гомдлын дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаж, дараа нь байнгын хороо дахин хуралдаж нэр бүхий гурван төслийг хэлэлцэхээс аргагүй болжээ.

С.Аз


Нүүр хуудас