Намын жагсаалтаар орж ирэх 28-ийг бүсчилнэ

2015-12-24 10:22:08

 

Сонгуулийн хуулийн төсөл дээр УИХ дахь суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, зарим асуудалд нэгдсэн шийдэлд хүрчээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн хуулийн төслийг өчигдөр цаг сунган орой хүртэл хуралдсан.

 

Ингэхдээ УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг чиг болгон, УИХ-ын гишүүн С.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс тодорхой саналуудыг тусгасан байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд “Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс нэг ч санал нэгтгэгдсэн төсөлд тусаагүй учраас төслөө тусад нь хэлэлцүүлнэ. Мөн саналын хуудасны хяналтын тооллогыг зөвхөн 50 хувьд хийхээр АН, МАН хоёр зөвшилцсөн нь буруу. Нэг нь автомат машинаар саналын 50 хувийг авна, нөгөө нь гар тооллогоор 50 хувийн санал авна гэж уншигдаад байна.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн тогтолцоог 48х28-аар сонгохдоо 28-ыг таван бүсэд хуваасан нь буруу. Монгол Улсыг хагалган бутаргах ажлыг хэний захиалгаар хийгээд байна.

 

 

 

Үүнтэй УИХ-ын гишүүн Н.Батбаяр санал нэг байгаагаа илэрхийлж “Ардын намынхан жижиг 76-гаар сонгууль хийх нь зохистой гэж хашгираад байсан. Гэтэл одоо 28-ыг дотор нь бүсчилж тав хуваах нь зөв гээд сууж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 21 нам дэмжсэн гэсэн, гадаа жагсаал хийж буй намуудаа та бүхэн гол гаргаж байна. 28-ыг бүсчлэхээр санал нэгдсэнээ тайлбарла” гэсэн юм.

 

Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбар хийв. Тэрээр “МАН бүсчлэх санал гаргаагүй. Н.Батбаяр гишүүн ээ та наад асуудлаа намын даргаасаа асуугаарай. Хоёрт, 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, 48 гишүүн тойргоос сонгогдсон. А.Бакей гишүүн Баян-Өлгий аймгаас, би Ховд аймгаас сонгогдсон. Тэглээ гээд аймгаараа талцсан зүйл байхгүй. Мөн намын нэрээр сонгогдсон гишүүд тойрогт ажиллахгүй байна, хүндээ хүрэхгүй байна гэсэн асуудлыг иргэд, сонгогчид тавьж буй учраас энэ бүхнийг бодолцож бүсчилсэн. Асуудлыг мушгиж тайлбарлахаа боль” гэв.

 

Ингээд санал хураахад ажлын хэсгээс оруулж ирсэн 28-ыг таван бүсэд хуваах гэсэн санал дэмжлэг хүлээв. Мөн намын нэрийг саналын хуудаст бичихдээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар эрэмбэлнэ гэсэн санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

 

С.Аз


Нүүр хуудас