Б.Лхагважав: Татвараас бултах ямар ч аргагүй болно

2015-12-24 08:31:00

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

 

-Эдийн засгийн ил, тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудал яригдаж эхэллээ. Ер нь заавал хугацааг сунгах шаардлага байгаа гэж үү?

 

-Танхимын гишүүд, бизнесмэнүүд энэ хуулийн хугацаа бага зэрэг давчуу байна гэж байгаа. Хэдийгээр наймдугаар сарын 7-нд батлагдсан боловч аравдугаар сараас жигдэрсэн. Энэ утгаараа харьцангуй богино хугацаанд хэрэгжиж байна. Гэтэл хуульд аль болох иргэн, аж ахуйн нэгжүүд ахиу хамрагдмаар байна. Тийм учраас Төсвийн байнгын хороогоор асуудлыг оруулаад, дэмжигдлээ. Анх батлагдаж байх үед арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал, бүх хүч, бололцоогоо дайчлаад ажиллая гэж байсан. Гэхдээ одоо улс төрийн уур амьсгал сунгах тал руугаа орж байх шиг байна. Яагаад хоёрдугаар сарын 20 гэж тавьсан бэ гэхээр энэ нь бүх тайлан баланс гардаг хугацаа. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар тавьчихаар нягтлангууд хоёр ажил хийх гээд байгаа. Ил, тод байдлын хуульд зориулаад нэг том тайлан гаргана. Дараа нь нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 2015 оны тайлангаа гаргах гээд нэг ажлыг хоёр удаа хийхээр байгаа юм. Ил, тод байдлын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгжүүд нэлээд хамрагдаж байгаа. Гэхдээ энэ хууль маань өөрөө гурван сая иргэн, 95 мянган аж ахуйн нэгжид зориулагдсан. Бүх төрийн болон төрийн байгууллагад зориулагдсан. Тэгэхээр аль болох 100 хувь ашиглах хэрэгтэй байна.

 

-Сунгалаа гээд сайн үр дүн гарах уу. Өмнө нь ийм хууль баталж л байсан, сайн үр дүн гараагүй гэдэг шүү дээ?

 

-Огт үр дүнгүй гэдэг бас гэнэн ойлголт. Өмнөх хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл үйлчилсэн. Би тэр хуулийг гаргах, сурталчлах ажлыг ганцаараа хийж байсан учраас үр дүнг нь сайн мэднэ. Тэр хуулиар 5.6 их наяд төгрөг ил гарсан. 2856 компани, 2200 иргэн хамрагдсан. Гэхдээ нийт компаниудын 2-хон хувь. Тухайн үед 43000 компани бүртгэлтэй байсан. Нөгөө талаас 5.6 их наяд төгрөгийн орлого, дээр нь Оюутолгойн гэрээ хоёр манай эдийн засгийг 17 хувь өсгөх гол сууриуд болсон. Хоёрдугаарт, бид 2007 онд татварын шинэ хуулиа гаргаад, дөрвөн арвын системд шилжсэн. Тэр үетэй зэрэгцээд, гарааны тэгш байдлыг хангахын тулд татварын өршөөлийн хуулийг гаргаж байсан. Даанч сурталчилгаа хийж чадаагүй. Төрийн байгууллагууд ч огт хөдлөөгүй. Харин ч бүр эсрэг сурталчилгаа хийсэн байж магадгүй. Гэхдээ л тухайн үедээ үр дүнгээ өгсөн. Энэ удаагийн ил, тод байдлыг хангах тухай хууль ч бас үр дүнгээ өгч байна. Ерөнхий сайд 6 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон гэдгийг зарласан шүү дээ. Мөн татвар дээр татварын орлого дөрөвдүгээр улиралд төлөвлөсөн дүнгээс нэмэгдсэн байгаа.  

 

Дахиж өршөөлийн хууль мэндэлнэ гэж найдах хэрэггүй

 

-Одоо тэгээд цаашдаа ч бас байнга өршөөлийн хууль, ил тод байдлын хууль батлаад байх юм уу. Эдийн засаг хүндрэх болгонд л ийм хууль гаргаад байх юм уу?

 

-Яагаад 2008 онд гаргачихаад, 2015 онд яагаад дахин гаргах болов гэдгийг асуудаг л даа. Яагаад гэхээр 2008 онд энэ хуулийг баталж, хэрэгжүүлчихээд, тэрний дараа хүмүүс бизнес хийсэн бол татвар төлдөг, тэр механизмыг хийж чадаагүй. Энэ механизмын талаар дэлхий дээр байдаг нэг л зарчим бий. Тэр нь value added tax буюу НӨАТ. НӨАТ бол ажил, үйлчилгээ, орлогыг бүртгэдэг бүртгэлийн систем. Ингэхдээ эцсийн хэрэглэгч болох иргэнээрээ дамжуулаад орлого олсон компанийн бүх орлогыг тайлагнадаг, мэдээллийн систем юм. Одоо энэ систем нэгдүгээр сарын 1-нээс яг байх ёстой тэр тогтолцоогоороо хэрэгжиж эхлэх гэж байна. НӨАТ-ын төлөлтийн 2 хувийг буцаан олгоно. Энэ буцаалтаар дамжаад бүх орлого ил, тод болно.

 

-Өмнө нь бол тийм зүйл байгаагүй гэж үү?

 

-Бид НӨАТ-ын хуулийг 1997 онд баталсан. Гэвч анх батлахдаа л бүртгэлийн системийг олж хараагүй. Өмнө нь Худалдааны татвар гэж байсныгаа бараг нэрийг нь солиод л тавьчихсан. Үүнийг би 2007 оноос хойш бараг 10 жил ярьж байж, одоо л зөв гольдрилдоо орж байна. Франц улсад дэлхийн хоёрдугаар дайны дараа 1957 онд энэ системийг анх ашигласан. Яагаад гэхээр дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Францад санхүү, эдийн засгийн бүтэц нь ерөнхийдөө задарчихсан байсан. Тэрний дараа бий болдог далд систем, мөнгө угаалт, мафижсан систем цэцэглэж байсан. Франц улс НӨАТ-ын системийг зөв ашигласнаараа 10 жилийн дотор л үр дүнгээ өгсөн. Америк 1972 оноос Худалдааны татвар нэртэйгээр энэ системийг нэвтрүүлсэн. Япон бас харьцангуй сүүлд Худалдааны татвар нэртэйгээр бий болгосон. Энэ систем зөв гэдгийг хүн төрөлхтөн баталчихсан. Хөгжилтэй улсууд хэрэглэж байна. Тийм учраас Монголын хувьд ч бас ирээдүйд, дахиж ийм хууль гарна гэж найдах хэрэггүй. Яагаад гэвэл нэгдүгээр сарын 1-нээс бид тэртээ тэргүй бүх татвар, орлогыг бүрэн бүртгэж, ойлгомжтой болгоно. Нэгдүгээр сарын 1-нээс татвар төлдөггүй этгээд зах зээл дээр оршин тогтнох боломжгүй, ямар ч тохиолдолд баригддаг, хариуцлага хүлээдэг системтэй болно. 

 

-Яг баттай, найдвартай юу. Сайн хуулиуд зөндөө л батлагддаг, ингээд сайхан болно л гэдэг?

 

-Би энэ хуулийг 10 жил судалж, хөөцөлдөж, батлуулж байгаагийн хувьд сайн үр дүн хүлээж байгаа. 2008 онд анх татварын өршөөлийн хуулийг батлахад үр дүнг нь хэн ч харж чадахгүй л байсан. Гэтэл үүнээс өмнө татварын дөрвөн арвын бодлогыг нэвтрүүлэхэд манай бүх татварын орлого 150-200 хувь давж биелэж байсан. Тэр бүх бодлогыг анх хийж байхад, “энэ зөв” гэдгийг цөөхөн хүн л мэдэж байсан. Бид өөрсдөө энэ бүгдийг туршаад, мэдчихсэн учраас өнөөдөр үр дүнтэй гэж харж байгаа.

 

Иргэд төлбөрийн баримтаа цуглуулахад л болно

 

-Шинэ хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгосон. Өмнө нь 10 сая төгрөг байхад л компаниуд төлдөггүй байсан шүү дээ. 50 болгохоор төлөлт нэмэгдэх юм уу?

 

-НӨАТ бол бүртгэлийн систем. Эцсийн хэрэглэгчид нь төлнө. Аж ахуйн нэгжүүд бол суутган төлөгч буюу цаашаа дамжуулж өгч байгаа байгууллага. Цааш нь дамжуулахгүйгээр, өөрөө авчихдаг байсан. Харин одоо иргэд үйлчлүүлж буй компани, аж ахуйн нэгжээсээ төлбөрийн баримт шаардаад эхэлнэ. Тэр баримт болгон компанийн тайлан, баланс руу орно. Тэгэхээр татвар төлсөн хүн өөрөө эргээд татвараа хянадаг систем рүү орж байгаа юм. Компанийн хувьд хэрэв нэг тайлан, баланстай явж байгаа бол ямар ч асуудалгүй. 50 саяын тухайд зүгээр нэг “цоохор ямааны наймаа” гэдэг шиг л зүйл болчихсон. Иргэн өөрөө төлбөрийн баримтаа аваад эхэлбэл, яваандаа тэр 50 саяын босго нэг их хэрэггүй болно. Яагаад гэвэл ААН-үүд иргэнд ажил, үйлчилгээ үзүүлж байгаа бол баримтаа хэвлэж өгөхөөс өөр аргагүй. Хэрэв баримт өгөхгүй, карт уншихгүй бол тэр хүн танайхаар үйлчлүүлэхгүй. Хэрэв үйлчлүүлэгчгүй болбол, уучлаарай бизнес чинь хаагдана л гэсэн үг. Тэгэхээр НӨАТ-ын шинэ хуулийг аж ахуйн нэгж харин ч боломж гэж харах хэрэгтэй. Би хэрвээ компанийн менежер байсан бол “Манайх НӨАТ-ын падаан өгнө, дээр нь хоёр хувийн урамшуулал таньд өгнө шүү” гээд сурталчилгаа хийнэ. Ингээд орлогоо нэмэгдүүлэх маш том хөшүүрэг болгож ашиглана. 

 

-Манай аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчид ч тэр НӨАТ гэхээр илүү мөнгө төлөх гээд байгаа юм шиг ойлгоод байдаг?

 

-Авч байгаа татвар болгон цаанаа учир шалтгаантай. НӨАТ бол өөрөө бүртгэлийн систем. Компани ямар нэгэн нэмүү өртөг бүтээлээ, тэр өртгийг хэрэглэгч төлж байгаа юм. Энэ төлөлтийг л бүртгэлийн системтэйгээ уяж өгч байгаа зүйл.

 

-Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн талаар иргэд, компаниуд төдийлөн мэдээлэлгүй байх шиг байна?

 

-Үйлчлүүлсэн газруудаасаа баримтаа аваад л явчихад хангалттай. Энэ талаар системтэй мэдээллийг Татварын ерөнхий газраас өгөөд эхэлсэн. НӨАТ-ын буцаан олголтын системийг бүрдүүлэх төсөл гээд Татварын ерөнхий газар дээр жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ системийн хувьд мэдээж маш нүсэр ажил. Гэхдээ энэ ажлыг 40 орчим монгол залуус хийж байгаа. Монгол программистууд ажиллаж байна. Тэгэхээр техникийн ажил жил гаруйн өмнөөс л хийгдээд эхэлсэн. Одоо хэрэгжүүлэх л ажил үлдсэн. Иргэдийн хувьд аль болох талон буюу баримтаа л авах хэрэгтэй. Эсвэл картаа уншуулаад явбал таны төлөлт бүртгэгдэнэ.

 

Технологи хөгжсөн үед бүх зүйл боломжтой

 

-Иргэдийн хувьд тэгэхээр баримтаа цуглуулаад л явахад хангалттай байх нь?

 

-Талон, зарим газар интернэтээр ороод, мэдээллээ оруулчихна. Ийм бололцоог монгол залуус бий болгохын төлөө ажиллаж байна. Өнөөдөр бол 2008 он биш. Монголд интернэтийн хурд гайгүй болчихсон. Монголчууд 2.4 сая гар утас хэрэглэж байгаагийн 1.4 сая нь смарт утас байна. Тэгэхээр смарт утсаар ч бас бүх үйлчилгээг хийх боломжтой. Удахгүй танилцуулаад явах байх.

 

-Онлайн баримт гэх зэрэг зүйл яригдаад байгаа?

 

-Тийм. Онлайнаар баримт бичих ч юм уу. 2008 онд энэ бүгдийг хийх боломж байсангүй. Харин одоо бол бүх зүйл боломжтой.

 

-Их нүсэр зохион байгуулалтын ажил хэрэгтэй байх?

 

-Технологи хөгжсөн үед энэ их нүсэр биш. Үүнийг хэрэглэдэггүй хүний хувьд нүсэр санагдаж магадгүй. Сампингаар тооцоо боддог байж байгаад, тооны машин гарах үед хүмүүс нэг хэсэгтээ л тооны машинаар бодчихоод, сампингаараа давхар баталгаажуулдаг байсан. Тооны машины дараа тооцоо, бүртгэл компьютерт орсон. Тэгэхэд компьютерт оруулчихаад, дахиад тооны машинаар шалгадаг л байсан шүү дээ. Хүний дадал, зуршил болсон зүйл нэг хэсэгтээ л салахад хэцүү байдаг. Тэр үүднээс харвал энэ маш нүсэр, хэцүү юм шиг санагдах байх. Гэтэл өнөөдөр зөвхөн энэ смарт утас л гэхэд өөрөө ямар олон гайхамшигтай боломжуудтай билээ. Бид өнөөдөр бараг смарт утасныхаа 99 хувийг ашиглаж чадахгүй л байна. Яахав дөнгөж нэвтрүүлсний дараа ачаалал нэмэгдэх ч юм уу, тодорхой ачаалал гарах байх. Тэр бүгдийг дор дор нь засаад явчих байх. 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Л.Энхдэлгэр | Гэрэл зургийг Г.Даша


Нүүр хуудас