Н.Золжаргал: Иргэнийхээ өмчлөх эрхийг устгаж байна

2015-12-23 13:49:30

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар найман хувийн ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон Банкны холбооны зүгээс холбогдох мэдээллийг өглөө.

 

Уг хуралдааны дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   

 

-Байнгын хороогоор найман хувийн ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг сонслоо. Гишүүдийн зүгээс асуудлыг хэт улстөржүүлж хандлаа гэх шүүмжлэл байна. Та хэрхэн харж байна вэ. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Эдийн засгийн байнгын хороогоор ийм чухал, Монгол Улсад, тэр дундаа банкны системд байж болдог хамгийн чухал асуудлаар мэдээлэл хийсэн. Тэгэхэд Засгийн газрын гишүүн нь 8 хувийн моргейж, 10 хувийн урьдчилгаа хоёроо ялгахгүй, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай хольж хутгахаар бухимдахгүй яах билээ. Эсвэл зарим нэгэн гишүүн үүнийг цэвэр улс төрийн өнцгөөс нь хараад байна. 80 мянган иргэнээс хэнээс нь ч улс төрийн байр суурийг нь асуулгүйгээр моргейжийг олгосон. Дээр нь урьдчилгаагаа бэлдчихсэн, хүлээгээд байж байгаа хүн зөндөө байна. Сард 1300 өрх авч байгаа. Зарим сардаа 3000 гаруй өрх ч авч байсан. Тоолоод үзвэл 160 мянган хүн өглөө бүр моргейжээ төлөх гээд ажилдаа явж байна. Дахиад 200, 300 мянган хүн энэ зээлийг авъя гээд мөрөөдөөд, хуримтлалаа нэмэгдүүлээд, урьдчилгаагаа бэлдчихээд, аль орон сууцанд орох вэ гээд. Нөгөө талд байшингуудыг нь бариад өгчихсөн аж ахуйн нэгж, компаниуд, тэрний зээлийг нь өгчихсөн банкууд байна. Асуудал нь тийм хялбар, улс төрийн хоёр хүн хоорондоо үг шидэлцээд дуусдаг зүйл биш. Баянсэлэнгэ гишүүн нэг банктай ярьж байгаа санамж бичгээ яриад байх юм. Тэр санамж бичиг хууль эрх зүйн зохицуулалт мөн үү, биш үү. Ц.Нямдорж гуай ч бас юу ярьж байгааг нь бид ойлгомжтой харлаа шүү дээ. Энэ чинь цаанаа барьцаа нь хөдөлдөг болчихоор л эрсдэл хийчихлээ.

 

-Цэцийн зүгээс бид зээлийн хүүтэй холбоотой шийдвэр гаргаагүй, харин ч иргэдийнхээ эрх ашгийг бодсон шийдвэр гаргасан гээд байгаа. Сая Байнгын хорооны хуралдааны үеэр ч мөн ийм асуудал яригдлаа. Банкууд өгөх сонирхолгүй байгаа юм биш үү?

 

-Хэн нь хэнийгээ хуураад байгаа юм. Бид цэцэд маш ойлгомжтой дүгнэлтээ өгсөн. Би ганцаараа ч биш, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотойгоо сууж байгаад, ийм эрсдэлтэй шүү гээд. Дунд суудал, их суудал дээр нь ч өгсөн. Эхний шийдвэр гарсны дараагаас бид үүн дээр байр сууриа маш тодорхой хэлсэн. Эрсдэлтэй шүү, болохгүй шүү. Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухад энэ асуудлыг цэц тэгтлээ яаж шийдвэрлэх ямар ч хэрэгцээ байгаагүй л юм билээ. Энэ том эрсдэлтэй, асуудалтай гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд л байгаа. Уг нь бүх юмны дээр иргэд нь байдаг баймаар юм. Ялангуяа иргэдийн суурь эрх буюу гэрээ хийх эрх. Иргэдээ бодож, иргэдийнхээ эрхийг нэмэгдүүлж байгаа нь энэ гээд боломжийг нь хааж болохгүй. Үүнийг олон улсад туршиж үзсэн, коммунизм хүртэл яг ийм л зүйл дээр суурилагдсан. Өмчгүй л болгосон шүү дээ, бүгдийг нь. Таны өмчийг дагасан бүх эрхийг байхгүй болгочихоор, та өмчгүй л болдог шүү дээ. Үүн рүү л явж байгаа алхам. Ойлгохгүй, будилаад байх зүйл ерөөсөө байхгүй. Маш ойлгомжтой нэг л зүйл байгаа. Өнөөдөр Монгол Улсад 8 хувийн хүүтэй моргейжийн зээлийг нэг ч иргэн авч чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь иргэний хуулиар зохицуулагддаг. Тэр барьцааг хөдөлдөг болгочихсон.

 

-Одоо тэгээд ямар гарц байгаа юм бэ?

 

-Гарц нь богино хугацаандаа иргэний хууль дахь өмчтэй холбоотой зүйл заалтуудыг хурдан хугацаанд өөрчлөх болов уу гэж найдаж байна. Зохих журмынхаа дагуу Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Энэ асуудал гэнэт бий болчихоод, ярьж байгаа зүйл биш. Эдийн засгийн байнгын хороон дээр өнөөдөр мэдээлэл сонсъё гэсэн. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсад хуримтлалыг бий болгодог хамгийн амжилттай тогтолцоонуудын нэг нь энэ. Үүний төлөө бид явах ёстой. Макро эдийн засагт хүртэл үр дүнгээ өгчихсөн. Хэрэглээнээс хуримтлал руу шилжүүлчихсэн шүү дээ. Аж ахуйн нэгжүүд дээр моргейжтэй хүмүүсийн ажилдаа хандах хандлага хүртэл өөрчлөгдсөн. Энэ бол бодитой, том өөрчлөлт. 

 

-Барьцаа хөрөнгө тэгээд ямар статустай байх юм бэ. 20 30 жил хэнд ч шилжүүлж, түрээсэлж болохгүй, маш хатуу хяналт, зохицуулалттай байх ёстой гэж үү?

 

-Бид өнөөдөр анх удаа банк, санхүүгийн харилцаанд ороогүй. Та өнөөдөр байшингаа барьцаалсан бол байшингаа бусдад түрээслэхийг чинь банк зөвшөөрдөг. Банкинд тэр нь ашигтай. Энэ бүх харилцаа чинь иргэнийхээ гэрээ, эрхээр зохицуулагдаад явж байгаа. Иргэн өөрөө тэрнийгээ банктай сууж байгаад зохицуулж байгаа зүйл. Одоо хуулийнхан орж ирээд, “Үгүй ээ, чи ингэж болохгүй” гэвэл дахиад л зардал нэмэгдэнэ. Тэгэхээр өнөөдөр үүссэн нөхцөл байдал юу гэхээр иргэн барьцаалсан хөрөнгөө цааш нь хэнд ч хэлэхгүйгээр дамжуулах нь. Тэгэхээр банк тэр асуудлыг зохицуулах ямар ч боломжгүй, бүр цаашлаад барьцаа хөрөнгөнийхөө араас шүүхэд ч хандах боломжгүй болчихож байна. Үүнийг яаж ч тайлбарлаж болно. Би тийм юм хийгээгүй гээд цэцийн гишүүн тайлбарлаж байсан. Мэдээж тийм шийдвэр гаргаагүй. Хуулийн барьцаа хөрөнгийг л байхгүй болгосон. Үүний үр дагаврыг бид яриад байна. Үр дагавар нь ипотекийн зээл эрсдэлтэй болсон. Таны эрхийг нэмээд л байвал, та барьцаагаа цаашаа зугтаалгах хүртэл боломжтой болгочихвол нэг л зүйл баталгаатай болно. Та зээлийн хэлцэл хийж чадахгүй.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас