Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

2015-12-23 13:00:44

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн талаар танилцуулав.

 

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

 

Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс тус байнгын хороог тодорхой хугацаанд сайн удирдаж, салбарын хэд хэдэн чухал хууль, тогтоомжийг хэлэлцэн батлуулахад хамтран ажилласанд УИХ-ын гишүүн Су.Батболдод талархал илэрхийлсэн юм.

 

Мөн тус байнгын хороогоор “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тогтоолын төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч, хойшлуулах горимын санал гаргасан юм.

 

Учир нь, өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг 7 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа гэв. Ингэснээр уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг түр хойшлуулахаар тогтлоо.

Eagle.mn

 


Нүүр хуудас