Оросын агаарын цохилтын үеэр Сирийн 200 иргэн амиа алджээ

2015-12-23 10:50:26

 

ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 200 энгийн иргэн амиа алдсан гэж Эмнести Интернэшнл байгууллага мэдэгдлээ. Тэд есдүгээр сарын 30-аас арваннэгдүгээр сарын 29-ны хооронд явуулсан ОХУ-ын агаарын дайралтын үеэр амиа алдсан иргэдийн тоог гаргажээ.

 

Ингэхдээ эмч, хүний эрхийн ажилтан зэрэг Сирид ажиллаж буй 16 гэрчтэй интернет болон утсаар холбогдон нарийн мэдээллүүдийг авсан байна.

 

Харин Москва үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “мэдээллийн дайн”-ы нэг хэсэг гэж тодорхойлж байгаа юм. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн аравдугаар сард Оросын тал агаарын цохилт өгөхөөс өмнө тухайн бүс нутагт энгийн иргэдийн амиа насаа алдсан байсан гэж мэдэгджээ.

 

ОХУ өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Исламын улсын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн. Гэвч энэхүү цэргийн ажиллагааны үеэр Оросын бөмбөгдөгч онгоцууд Сирийн удирдагч Башар Аль-Асадын эсрэг үйл ажиллагаа явуулдаг босогчдыг давхар бөмбөгдөж байна гэж барууныхан буруутгаж байна.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас