Хонконгийн “титэмгүй хаан” Ли Кашин

2015-12-23 10:27:19

 

Хятадын баячууд гэхээр бид “Alibaba.com”-ын Жек Ма, “Tencent”-ийн Ма Хуатен, “Baidu”-гийн Робин Лиг төсөөлдөг. Тэгвэл 20 жилийн өмнө энэ асуултыг тавихад Ли Кашин гэсэн ганцхан нэр дурдагддаг байв. Баяжихыг хориглодог БНХАУ-ын нэг бөөрөнд наалдсан хөрөнгөт нийгмийн жижигхэн “тасархай” Хонконг хятад тэрбумтан төрөх хөрс суурь нь болж өгсөн юм. Эдүгээ дэлхийн тэрбумтнуудын тоонд орсон хятадуудын ихэнх нь интернэт бизнесийн салбарынхан. Зөвхөн бэлэн мөнгөнд итгэдэг, материалист үзэлтнүүд бол ийм баячуудад итгэдэг ч үгүй. Харин Ли Кашин бол өөр. Бизнес нь илүү бодитой байдлаар явагддаг, үл хөдлөх хөрөнгө ихтэй түүнийг “Форбс”-ын жагсаалтад эзлэх байрнаас нь үл хамааран хятадууд “Хамгийн баян хүн” хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу.   

 

Сая сая хуванцар сарнай


Ирээдүйд Азийн хамгийн баян хүн болох заяатай Ли Кашин 1928 онд Баруун Хятадын Кошин хотноо төржээ. Тэдний гэр бүл тийм ч муу амьдралтай байгаагүй ч 1940 онд илүү дээр газар орон хайн Шаньдунаас Хонконгод орж ирсэн гэдэг. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр шинэ газар нутагт тэднийг үхэл зовлон, өлсгөлөн гуйланчлал хүлээж байжээ. Лиг 14 настай байхад цорын ганц тэжээгч байсан эцэг нь эхнэр гурван хүүхдээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр түүний хүүхэд нас төгсгөл болсон юм. Насанд хүрээгүй гэрийн эзэн хуванцар сарнай хийдэг үйлдвэрт өдөрт 16 цаг ажилладаг болжээ. Тухайн үед хуванцраар хийсэн цэцэг ид “моод” болж, асар их эрэлттэй бай­сан тул Ли үйлдвэрт ажиллахаа больж, цэцэг худалдах ажил хийсэн нь түүний анхны алсыг харсан, зөв шийдвэр байжээ. Энэ шийдвэр нь түүнийг амьдрах байр сууц төдийгүй хуванцраар цэцэг хийдэг үйлдвэртэй болгосон юм. Энэ бол шийдвэр гарс­наас хойш зургаахан жилийн дараа буюу 1950 онд болсон явдал.

 

Сая сая сарнай цэцгийн үйлдвэрлэл явагдаж, Ли баяжсаар байлаа. Мөр бүтэн, гэдэс цатгалан явах хүсэл нь ийм өндөрлөгт аваачсан тул тэрээр энэ үед өөрийгөө бараг л “Дэлхийн хамгийн баян хүн” гэж бодож явсан бизээ. Гэтэл түүний үзэх зовлон дуусаагүй байжээ. Лигийн амжилт үйлдвэрээ барьсан газрын эзний хараанаас мултарсангүй. Үйлдвэр ашиг өгч байгаагийнх нь хэрээр газрын эзэн татвараа байнга нэмж байсан тул тэрээр “Хамгийн баян хүн” гэж газартай хүнийг хэлдэг юм байна гэдгийг яс махандаа тултал ойлгосон гэдэг. Ингээд өөр газар олж үйлдвэрээ барихаар сул газар хайсан боловч маш үнэтэй болохыг нь мэдээд гайхжээ. Ингээд барилгын салбарт хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Тэрээр шинэ салбарт ажлаа эхлэхийн тулд өөрийн орлогын цорын ганц эх үүсвэр байсан “хулхи” сарнай цэцгийн үйлдвэрээ зарж орхижээ.

 

“Энэ газар биднийх болно”


Шинэ салбарт орж ирэнгүүтээ Ли маш зальжин, шуурхай хөдөлсөн юм. Тэрээр газар эзэмшигчдэд ухаан алдмаар их мөнгө төлөхийг урьтал болголгүй, газар дээр нь барих барилгаас тодорхой хувийг эзэмшихийг санал болгож эхэлжээ. Үүнээс хойш удалгүй газрын эзэд өөрсдөө газарт нь хөрөнгө оруулах хүн хайж эхэлсэн гэдэг. Энэ бол Гонконгод урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ үзэгдэл байсан юм. 


1968 онд Мао Зэдуны эхлүүлсэн соёлын хувьсгалын дараа англичууд Хонконгийг орхиж эхэлсэн билээ. Газрын үнэ унаж, энэ үед Ли Кашин маш их газартай болжээ. Тэр үед олон хүн “Англичууд буцаж ирээд газраа шууд л булаагаад авчихна даа” гэж байсан боловч арван ч жил өнгөрөөгүй байхад энэ алхам бол Лигийн ээлжит “Алсыг харсан” шийдвэр байсан нь мэдэгджээ. Мао Зэдуныг 1976 онд нас барсны дараа шинээр томилогдсон удирдлага эдийн засгийн шинэ эргэлтийн бодлого гэгчийг эхлүүлж, Хонконг энэ бодлогын чухал суурь болсноор барилга байшингуудын үнэ эрс нэмэгдэж ирсэн билээ. Одоо ч гэсэн Хонконгод үл хөдлөх хөрөнгө үнэтэй хэвээрээ. Бараг дэлхийд хамгийн үнэтэй нь байх.

 

Бүхнээс илүү болохын төлөө… 


Ли Кашин 1979 онд орон сууц, боомтын байгууламжаар дагнадаг “Hutchison Whampoa” компани,  “A S Watson” дэлгүүрийн сүлжээг хянадаг “Hongkong & Shanghai” банкийг өөрийн болгож авснаар хүнд үйлдвэр эзэмшигч анхны хятад хүн боллоо. Тухайн үед “Hongkong & Shanghai” банкийг удирдаж байсан Уильям Уилли “Энэ бол ач холбогдлыг нь тооцож үзвэл Хонгконгийн хамгийн том банкийг Англиас Хятадад шилжүүлж өгсөн, өөрөөр хэлбэл эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн шинжтэй наймаа байлаа” хэмээн дурссан байдаг. 


Одоо Хонконгийн компаниудын нийт хөрөнгийн 10 хувь нь түүнд хамаардаг. Түүний барьсан орон сууцанд 200 мянга гаруй хүн амьдарч, Ли Кашинд мөнгө төлнө. Дэлгүүрээс юм авсан ч Ли Кашины хөрөнгийг зузаална. Тэрээр энэ салбарт бараг өрсөлдөгчгүй бөгөөд 350 дэлгүүртэй. Мөн Тайваньд эм худалдаалах сүлжээ, Сингапур, Малайзид 90 супермаркет эзэмшдэг. Тэр ч байтугай Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал, эрчим хүчний гол эх үүсвэр “Hong Kong Electric” нь Ли Кашиных. Энэ компани Хятад, Хонконг, Тайланд, Сингапур, Малайз, Тайваний эрчим хүчний хэрэглээний ихэнх хувийг хангадаг юм. Кабелийн телевизийн сүлжээг ч бүхэлдээ Ли Кашин хянадаг гэж хэлж болох юм.

 

Савангийн дуурь, насанд хүрэгчдийн кино дамжуулдгаараа алдартай, Ази даяар үйл ажиллагаа явуулдаг “Star TV” түүнийх юм. Энэ талаар АНУ-ын хэвлэлүүд “Манай хийсэн кинонууд Хятадын армийг санхүүжүүлж байна” хэмээн бичиж ч байсан удаатай. Хоногт 92000 баррель нефть олборлох “Husky Oil”, интернет сүлжээ, үүрэн телефоны оператор гэх мэтээр түүний эзэмшлийг нэрлээд байвал цаг, цаас даанч их орох учраас ингээд зогсъё. “Forbes” сэтгүүл энэ онд түүнийг 33.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үзэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 17 дугаарт эрэмбэлжээ. 

 

Эрүүл амьдралын хэвшлийг эрхэмлэгч


Хувийн амьдрал нь нууцлаг, хоёр хүүтэй гэдгээс өөр мэдээлэл бараг байдаггүй. Виктор Ли, Ричард Ли хэмээх хоёр хүүтэй. Хөвгүүд нь Канадын иргэншилтэй бөгөөд эцгийнхээ орлогчоор ажиллаж байгаад саяхан зарим компаниудын эрх мэдлийг шилжүүлж авсан.  


Ли Кашин тансаглалаар хөөцөлд­дөггүй гэдгээрээ Амансио Ортега зэрэг баячуудтай ижил. 1990-ээд оныг хүртэл 50 ам.долларын үнэтэй “Citizen Watch Co” фирмийн цагийг зүүдэг байсан. Гэхдээ арай ч Ингвар Кампрад, Уоррен Баффет шиг биш, зарах юмандаа зав, мөнгийг харамгүй зардаг. Тэрээр эрүүл амьдралын хэвшлийг баримталдаг. Амжилтад хүрсэн хэт ажил хэрэгч хүмүүсээс ялгаатай нь, шөнө заавал найман цаг унтаж амрах зарчим баримталдаг гэнэ. Ихэнхдээ орой 22.00 цагт унтаж, өглөө 06.00 цагт босдог ч оройтож унтсан үедээ найман цагаа гүйцээхийн тулд сэрүүлгээ хойшлуулдаг байна. Гольф тоглох дуртай, энэ тал дээр Хонконгийн кино магнат Реймонд Чоутай гар нийлдэг гэнэ. Түүнээс гадна өдөрт хамгийн багадаа 15 минутыг гүйлтийн зам дээр өнгөрөөдөг ажээ.   

 

Өсвөр үе, залууст итгэл найдвар төрүүлэгч Ли Кашин


Ли Кашин бол маргаангүй дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг. Хувийн амьдралаа олонд ил гаргаад байдаггүй ч гэсэн бусад талаараа бол тэрбумтнууд дундаа хамгийн идэвхтэй, нээлттэйд тооцогдоно. Түүний үндэслэн байгуулсан “Ли Кашины сан” БНХАУ, дэлхийн тул­гамдсан асуудал болох эрүүл мэнд, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж, үсрэнгүй хөгжлийн зам дээрээ бат зогсолгүй үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ли Кашины сан эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 


Ли Кашин 1981 онд төрсөн хот Чаотаогийнхоо ойролцоо Шантоугийн их сургуулийг үндэслэн байгуулсан нь эдүгээ 27 мянган оюутантай, БНХАУ-ын урдаа барьдаг их сургууль болтлоо хөгжжээ. 2014 онд төгсөгчдийн 71 хувь нь гадаадын болон хувийн компанид ажилд орсон үзүүлэлт уг сургуулийн нэр хүндийг бүрэн илэрхийлнэ. Түүний боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтуудыг тоочоод барахгүй. 2001 онд Хонконгийн их сургуульд 100 сая хонконг доллараар өргөтгөл барьж өгсөн. 2002 онд Английн Кембрижийн их сургуулийн Хавдрын судалгааны төвд “Ли Кашины төв”-ийг байгуулжээ. Чеун Конгийн бизнесийн их сургууль 2002 онд “Ли Кашины сан”-гаас томоохон тусламж хүртэж байв. 2005 онд Хонконгийн их сургуулийн анагаахын факультетэд нэг тэрбум хонконг долларын (128 сая $) хөрөнгө оруулалт хийсэн нь түүнийг сонгож авсан салбартаа үнэхээр сэтгэл зүрхээ зориулдаг нэгэн болохыг харуулсан юм. Канадын хоёр дахь том банкийг эзэмшиж, тэндээс орлого олдгийнхоо хувьд тэрээр Торонтогийн гэгээн Майклын эмнэлэгт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь ухааны углуургатай, хаялга сайтай бизнесмэн болохыг илтгэдэг. 


Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарт хандив өргөнө гэж туйлшир­даггүй. Сингапурын үсрэнгүй хөгж­лийн үндсийг тавигч, гардан хэрэг­жүүлэгч Ли Куан Юугийн нэрэмжит Сингапурын Нийгмийн ухааны сургуульд 100 сая ам.дол­ларын хандив өргөх болсноо 2007 онд зарласан бол Оксфорд, Сан Францискогийн их сургуулиудад мөн олон сая ам.доллараар тусалж байв. 


Тэрээр хөрөнгө мөнгөөр сэтгэл харамгүй тусалж хариуд нь сургууль аль нэг салбараа түүний нэрэмжит болгодог явдал жишиг болох шахжээ. 11.3 сая ам.доллар хандивласных нь дараа Сингапурын их сургууль Номын сангаа түүний нэрэмжит болгосон. Калифорнийн алдарт  Берклигийн их сургууль 40 сая ам.доллар хандив­лас­ных нь хариуд Биологийн салбар сургуулийнхаа кэмпийг түүний нэрэмжит болгожээ. Их Британийн Стэнфордын их сургуультай удаан хугацаанд хамтран ажиллаж, нийт 90 сая ам.долларын хандив өгсөн. Тэнд мөн Ли Кашины нэрэмжит судалгааны төв бий. Сангийн үйл ажиллагаа одоо ч тасралтгүй өрнөсөөр. Шинжлэх ухааны салбарт толгой цохидог Израилийн их сургууль энэ сарын 16-ны өдөр Гуандун мужид салбараа нээж, БНХАУ-ын боловсролын салбарт чухал үйл явдал болсныг энд онцолж болох юм.   

 

Эх газраас хальсан Ли Кашин 


Үйл ажиллагааны хүрээ нь Азиас хальж, Европ, Хойд Америк, Австралийг хамарсны дараа хятадууд “хамгийн баян хүн” нь өөрсдөөс нь алсран холдож байгааг гэнэт анзаарсан бололтой. “The People's Daily” тэргүүтэй БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүд энэ оны есдүгээр сараас эхлэн Ли Кашин руу зохион байгуу­лалт­тайгаар дайралт хийж эхэлсэн юм. Шүүмжлэл нь “Ли Кашины хөрөнгө оруулалт эх газраас хальж, далайн чанадыг чиглэх болоо” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Хятадад хийх хөрөнгө оруулалт, хандивын хэмжээ нь бусад улсад зарцуулж байгаатай нь харьцуулахад бага байна хэмээж байв. “The People's Daily”-гийн нийтлэлд Ли Кашиныг баруун солгойгүй шүүмж­лээд “Ухамсаргүй, хийж байгаа алхам нь тэнэг, БНХАУ одоо түүнд хэрэггүй болжээ” гэх мэтчилэн дайрсан байв. Энэ нөлөөлсөн үү яасан, Ли Кашин эзэмшил компаниудынхаа нэгэн хэс­гийг 51 настай хүүдээ шилжүүлж бай­гаагаа зарласан юм. Ингэхдээ мэдээ­жийн хэрэг, гадаадын активуудаа хүүдээ өгч, өөрөө БНХАУ дахь хө­рөнгөндөө анхаарал хандуу­лахаар болсон. Үнэн хэрэгтээ бол Лигийн мөнгө гадагш урсч байгаад тэр биш, БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа эдийн засгийн загвар л буруутай гэдгийг шинжээчид онцолдог. Хэдий их мөнгө­тэй ч төрийн үүрэг оролцоо хэт ихтэй улс оронд хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал гэдгийг тэд тайлбарласаар байгаа юм. 

 

Ли Кашин: 

Миний гурав дахь хүү


“Аливаа эд баялаг хариуцлагатай, зорилготой зарцуулагдаж байх ёстой. Манай үндэстний үзэл санааны нэг үнэт зүйл нь энэ. Орчин үе ч ийм байхыг шаардаж байна. Хэрвээ ингэж чадвал бидний хүндлэн дээдэлдэг дээрх үзэл санааг бүх Ази даяар итгүүлэн үнэмшүүлж чадна. Бидний итгэл үнэмшил, үйлдэл нь олон хүнд ирээдүйд итгэх итгэл найдвар төрүүлж чадна. Тиймээс би өөрийн хуримтлуулсан хөрөнгөөрөө тусгай сан байгуулж, өөрийнхөө гурав дахь хүү хэмээн нэрлэж байна. Идэвхтэй амьдрахыг хүсч байгаа хэн бүхэнд туслахад үргэлж бэлэн байх болно”.

 

Х.Батсайхан

 

 

Эх сурвалж:


Нүүр хуудас