Цэцэд “өөрийнхөө” хүмүүсийг томилох сонирхол

2015-12-23 10:07:56

 

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Уг хуулийн төслийг өчигдөр хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжлээ. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үүнээс ихэнх нь тэтгэврийн нас өнгөрсөн байдаг. Харин Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны хязгаарыг тэтгэврийн насаар хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл, цэцийн гишүүн эрэгтэй 60, эмэгтэй 55 насаар тэтгэвэрт гарах нь. Энэ тохиолдолд Цэцийн одоо ажиллаж буй гишүүнээс ердөө хоёр нь л үлдэж, бусад нь чөлөөгдөхөөр байгаа юм.

 

Ж.Амарсанаа – 62

Н.Жанцан -  67

П.Очирбат – 73

Т.Лхагваа – 65

Д.Наранчимэг – 59

Д.Солонго -55

Ш.Цогтоо – 61  

Д.Сугар – 59

Д.Ганзориг – 48

 

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын хууль тогтоомжууд Үндсэн хуулийн Цэц дээр олон удаа унасан. Түүнчлэн Цэцэд ихэвчлэн МАН-ын “угшилтай” гишүүд байгаагаас АН-ын хэрэгжүүлсэн гол ажлуудыг нураах тогтоол гаргалаа гэх хардлага, шүүмжлэл ч өрнөсөн. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтуудыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Ингэснээр банкууд орон сууцны найман хувийн зээл олгохоо зогсоогоод буй. Мөн АН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэд газраа чөлөөтэй эргэлтэнд оруулж, барьцаанд тавих боломжтой болсон ч цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн удаатай.

 

УИХ-аар иргэний газартай холбоотой цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Харин ипотекийн 8 хувийн зээлтэй холбоотойгоор Цэц эцсийн шийдвэрийг гаргасан учраас УИХ шинэ хууль санаачилж, батлахаас өөр гарцгүй болсон юм. Сонгуулийн жилд энэ мэтээр эрх баригч хүчний хувьд гол хийсэн ажлуудыг нь Цэц “нураагаад” байж болохгүй. Тийм учраас сонгуулийн жил буюу 2016 оноос өмнө Цэцийн хуулийг өөрчлөх замаар одоогийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй бололтой.   

 

Өчигдөр хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүдийн насыг хязгаарлана гэсэн нь одоогийн цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэсэн давхар тооцоотой байх. Яаруу сандруу Засгийн газраас санал аваад, УИХ хэлэлцээд эхэллээ. Үүний цаана ямар нэгэн тооцоо байж л таарна” хэмээн харджээ. Үнэхээр ч Х.Тэмүүжин гишүүний хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж, саналаа өгсөн байна. Улмаар тэр өдөртөө УИХ-ын даргад өргөн барьснаар энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэж эхэлж байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн Цэцийн хуулийг өөрчлөх асуудал анх удаа ч яригдаж байгаа зүйл биш. Энэ оны зургаадугаар сард Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэхийг дэмжсэн. Гэхдээ өнөөг хүртэл хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Харин энэ удаад Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн хуулийг шууд хэлэлцэж эхэлсэн нь хардлага төрүүлж буй. Бас нэг зүйлийг тодруулахад, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд цэцийн гишүүдийг 70 нас хүртлээ ажиллаж болно хэмээн тодотгосон. Харин Х.Тэмүүжин гишүүн хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэвэртээ гарахад хангалттай гэж үзэж байгаа юм.

 

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн жишгээр бол Цэцийн гишүүний насны хязгаар 70 байх ёстой” гэж дурьдаж байсан. Үнэхээр ч дэлхийн ихэнх улс оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүний насыг хөдөлмөрийн хуульд заасан хязгаараас ангид авч үздэг юм билээ.

 

Л.Энхдэлгэр 


Нүүр хуудас