Зөвшилцөлд хүрээгүй

2015-12-23 08:28:00

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан хоёр өдөр дараалан шөнө дөл хүртэл хуралдсан.

 

УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөлтэй холбоотойгоор намын бүлгүүдээс оруулж ирсэн саналуудаа ажлын хэсгийн төвшинд нэгтгэж байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн гишүүдээс тодрууллаа.

 

Н.Энхболд: Би үүний эсрэг байна

 

 

-Ажлын хэсэг зөвшилцөлд хүрсэн үү?

 

-Энэ асуудлаар шөнө орой болтол хуралдаж байна. Хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлд олон санал гарч байгаа. Манай намын бүлгээс хар машинаар тоолохдоо зарим хэсэгт хяналтын тооллого хийх ёстой гэдэг үүднээс хандаж байна. Асуудлыг олон талаас нь ярьж заримд нь буулт хийж байгаа. Эцсийн байдлаар шийд гараагүй байгаа учир энэ сэдвийг түр орхиё.

 

-УИХ-ын сонгуультай зэрэгцүүлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа гарсан байна. Энэ тухай ярилцсан уу?

 

-Энэ удаа ярьж буй зүйл нь орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтад нь явуулах талаарх яриа юм. Гэхдээ одоогоор үүнийг эцэслээгүй байна. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулгыг цуг явуулна гэвэл ярвигтай. Хэн тэгж ярьж байгааг мэдэхгүй байна. Энэ бол аль аль нь тусдаа хуулиар зохицуулагддаг ажил. Тэр ч утгаараа хоёулаа чухал ач холбогдолтой. Бидний ярьж буй Сонгуулийн хуулийн өөрчлөлтүүд ороод явбал өмнөх сонгуультай харьцуулахад санал хураах хуудас олон хүний нэртэй болж, техник ажлын хувьд нэлээд төвөгтэй цаг авсан сонгууль болох магадлалтай байгаа. Тэр тохиолдолд ард нийтийн санал асуулгыг оруулаад явна гэвэл бүтэл муутай зүйл болох байх. Би үүний эсрэг байна.

 

С.Бямбацогт: Оноос өмнө батлах ёстой

 

 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын дарга нар уулзаж Сонгуулийн хууль дээр тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бий. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг хэзээ мөдгүй батална гэж ойлгож болох уу?

 

-Ойрын үед батлагдах байлгүй дээ. Оноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаатай. Энэ хугацаандаа амжиж байх гэж найдаж байна.

 

-Танай намын зүгээс баримталж байсан байр суурь хуулийн төсөлд туссан гэсэн. Энэ тухайд?

 

-Зөвхөн манай намын зүгээс гэж хэлж болохгүй. Парламентад суудалтай, суудалгүй 20 орчим нам хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэх шаардлага тавьсан. Иргэд ч энэ эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байна. Тиймээс ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна. Мөн сонгууль явуулахдаа бүсчлэх асуудал яригдсан.

 

-Бүсчилсэн хэлбэрээр сонгууль явуулах талаар ярьж байгаа гэсэн?

 

-Одоохондоо Монгол Улс таван бүстэй байна гэж л ярьсан.28 нь бүсдээ хуваах байлгүй дээ.

 

-Ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамт явуулах уу?

 

-Тийм зүйл яригдаагүй.

 

А.Бакей: Ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрээгүй

 

 

-Сонгуулийн тухай хууль дээр ямар тохиролцоонд хүрэв?

 

-Байнгын хороо хуралдаж байж асуудлаа ярина. Зарим гол асуудлууд дээр санал хураалт явагдаж байна. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэлх хувь дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа. Тогтолцоогоороо бол 28-ыг бүсчилсэн байдлаар гэж ярьж байна.

 

С.Заяа


Нүүр хуудас