Байнгын хороо Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

2015-12-22 09:46:58

 

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

 

Тодруулбал, Р.Бурмаа нарын 16 гишүүн, Су.Батболд нарын 7 гишүүн, О.Баасанхүү нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

 

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.

 

Үүний зэрэгцээ Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

 

С.Аз


Нүүр хуудас