Хоёр удаа завсарлага авахад л Сонгуулийн хууль “төрөхгүй”

2015-12-22 09:18:25

Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр УИХ-д суудалтай намуудын төлөөллөөс ажлын хэсэг гаран ажиллаж буй. Ажлын хэсэг өчигдөр орой хүртэл хуралдсан. Тэд таван асуудалд нэгдсэн байр суурьт хүрэхээр ажиллаж байгаа ч төдийлэн шийдэлд хүрч чадаагүй.  

 

 

 

Энэ талаар ажлын хэсгийн гишүүн С.Оюун “Саналыг машинаар тоолох ёстой. Гэхдээ шаардлагатай бол хяналтын тооллого хийж болно. Түүнээс бүгдийг гараар тоолох шаардлагагүй. Сонгуулийн ерөнхий хороо журам гаргаад тодорхой газруудад хяналтын тооллого хийгээд явж болно. 28:48 гэсэн холимог пропроцианаль тогтолцоогоор явуулахаар ярьж байна. Ингэхдээ намын жагсаалтыг дөрвөн хэсэгт бүсчилнэ гэж байна. Зүүн аймгууд нэг бүс боллоо гэхэд тэр хэсэгт жагсаалтаар 6-7 хүн багтлаа гэж бодъё. Нам нь 20-аас дээш хувийн санал авч байж гарч ирнэ гэсэн үг. Босгыг нь өндөрсгөж байна. Тэгэхээр жижиг намууд суудал авч чадахгүй болно. Ажлын хэсэг эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй учраас ярихад эрт байна” гэлээ.

 

 

Харин УИХ-ын бие даагч гишүүдийн төлөөлөл Х.Болорчулуун “Сонгуульд 801-ээс дээш хүний гарын үсэг бүхий зөвшөөрөл авч, бие даан нэр дэвшдэг. Гэтэл 900 хүний гарын үсэг зуруулж, нэрээ дэвшүүлээд байтал ганц хоёр хүний иргэний үнэмлэх дэх гарын үсэгний зөрүүнээс болж зарим намчирхсан сонгуулийн хороо "зөрчилтэй" хэмээн Бие даан нэр дэвшигчийг бүртгэдэггүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхэнд халдаж буй хэрэг юм. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд Бие даан нэр дэвшигчийн буруугүй үйл ажиллагаанаас шалтгаалж сонгуульд өрсөлдөх эрхийг хаан боогдуулсан энэ үйлдлийг засах зарчмын зөрүүтэй санал орууллаа. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын "нам л сонгуульд оролцох ёстой" гэсэн намчирхсан, явцуу үзэл баримтлалаас болж ганц саналаар дэмжигдсэнгүй. Гэхдээ байнгын хорооны хуралдаанд дахин зарчмын зөрүүтэй санал гаргах болно” гэсэн юм.

 

Энэ долоо хоногт парламент Сонгуулийн хуулийг батлахаар санал нэгдээд буй. Гэхдээ хоёр долоо хоног дараалан намын бүлгүүд завсарлага авбал хууль батлах хугацаа дуусгавар болох юм. Учир нь, сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг батлах хуулийн заалттай билээ.

 

С.Заяа 


Нүүр хуудас