Р.Раш: Ийм эрх мэдэл Пүрэвбаатарт байхгүй

2015-12-22 08:47:38

 

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Р.Раш гуайтай уулзаж, үүсээд буй асуудлын талаар тодруулсан юм. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд болон Зам тээврийн сайдад Улаанбаатар төмөр замын талаар албан тоот явуулжээ. Уг албан бичигт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг БНХАУ-ын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ Л.Пүрэвбаатар дарга ОХУ-ын талд удаа дараа мэдэгдэж, энэ талаар БНХАУ-ын талтай яриа, хэлэлцээ хийж буй талаар дурдсан байна.

 

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцаанаас Хятадын талд шилжүүлэх боломж бий юү?

 

-2-3 хоногийн өмнөөс ийм яриа гарсан. Анх сонсоод худлаа байлгүй дээ гэж бодсон, одоо ч мөн адил. УБТЗ хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн онд 65 жилийнхээ ойг тэмдэглэсэн. 1949 онд байгуулагдсан юм. Гэрээнд янз бүрийн өөрчлөлт орууллаа гэхэд албан ёсоор хэлж таарах байх.

 

-Гэрээний хүрээнд шилжүүлэх боломж байгаа юу?

 

-Байхгүй.

 

-1949 онд байгуулсан гэрээнд хувийн асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

 

-Анх Монголын тал 49, зөвлөлтийн тал 51 хувь байсан юм. Үүнийг 1967 онд шинэчлээд 50:50 хувь болгосон. Үүнээс улбаатай 51 хувь болгох гэж санаархсан оролдлогууд гардаг. Геополитик, газар нутгийн байрлалтай холбоотой зүйл учраас энэ их нарийн асуудал л даа.

 

-Ийм асуудал гарсан байлаа гэж бодоход манайд гарах хор уршиг юу байх вэ?

 

-Би ийм зүйл болоогүй байх гэж бодож байна. Хойд хөрш гэдэг чинь хэн билээ. Үүний оронд хамтын байгууллагынхаа давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх ёстой баймаар юм.

 

-УБТЗ-ын Л.Пүрэвбаатар ийм эрх мэдэл бий юү?

 

-Байхгүй. Засгийн газрын нэрийн өмнөөс Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хорооны дарга байгаа. Тэр хүн ч дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй.

 

Дашрамд, 1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байжээ. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлсэн байна. Оросын тал үүнийг Л.Пүрэвбаатар дарга хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэж буйтай холбон тайлбарласан байна. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод буй аж.

 

С.Заяа


Нүүр хуудас